
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзан, газрын тосны салбарын хамтын ажиллагаа болон цаашид хэрэгжүүлэх бодлогын зорилтуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын хэмжээг өсгөхөөс гадна орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хөндөв. Тодруулбал: Монгол Улсаас олборлож буй түүхий тосны хэмжээг жилд 800 мянган тонноос 1 сая тоннд хүргэж, бодит үр дүн гаргахыг үүрэг болголоо.
Газрын тосны эрэл, хайгуул, олборлолтын үйл ажиллагааг Дотоодын цэргийн хамгаалалтад авах бэлтгэл ажлын хүрээнд холбогдох саналаа шуурхай ирүүлэхийг сануулав.
Компанийн үйл ажиллагаанд орон нутгийн хөгжил, иргэдтэй харилцах харилцаанд онцгойлон анхаарч, хариуцлагатай уул уурхайн зарчмаар ажиллахыг шаардлаа.
Компанийн удирдлагын зүгээс олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх бүрэн сонирхолтой байгаагаа илэрхийлээд, хайгуулын ажлыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөх боломжийг судалж дээд шатны удирдлагадаа танилцуулан шуурхай ажиллахаа илэрхийлэв хэмээн АҮЭБЯ-наас мэдээллээ.