Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Орос дизель түлшний экспортоо хориглосон ч Монгол руу нийлүүлэх хэмжээ хоёр дахин өсжээ 

О.Дөлгөөн


ОХУ гадаад зах зээл дэх дизель түлшний экспортоо хориглосон хэдий ч Төв Азийн орнууд руу чиглүүлсэн нийлүүлэлтээ хоёр дахин өсгөж 370,000 тоннд хүргэсний 215,000 тонн буюу хамгийн том худалдан авагч нь Монгол Улс хэвээр байгааг Ройтерс агентлаг мэдээллээ.

Украины дроны халдлагаас үүдэлтэй газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн доголдол, дотоодын зах зээл дэх үнийн өсөлтөөс шалтгаалан ОХУ түлш экспортлох хоригоо үргэлжлүүлж буй. Гэсэн хэдий ч үйлдвэрлэл нь тодорхой хэмжээгээр сэргэсэнтэй холбоотойгоор наймдугаар сард Төв Азийн зах зээл рүү нийлүүлэх дизель түлшний урсгалаа эрс нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал, Орос наймдугаар сарын сүүлчээр дизель түлшний экспортын хоригоо есдүгээр сарын сүүл хүртэл сунгасан юм. Гэсэн хэдий ч Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монгол Улстай байгуулсан засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд тусгай квотоор нийлүүлэлт хийх зохицуулалт хэвээр үлджээ.

Тухайлбал, Financial Times сонинд мэдээлснээр түлшний хомсдол, үнийн огцом өсөлт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Украины Ерөнхийлөгч Зеленскийд хандан Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийж буй халдлагаа зогсоохыг урихад хүргэжээ.

Нийлүүлэлтийн өсөлт

Худалдаачдын өгсөн мэдээллээр Орос улс Казахстан, Киргиз, Монгол, Тажикистан улсууд руу наймдугаар сард нийт 370,000 метрик тонн дизель түлш экспортолсон нь долдугаар сарын үзүүлэлтээс даруй хоёр дахин өссөн дүн юм.

Үүнд улс орнуудын эзлэх хувь дараах байдалтай байна:

  1. Монгол Улс: Өмнөх сард буюу долдугаар сард 124,000 тонн түлш авч байсан бол наймдугаар сард энэ тоо огцом өсөж, 215,000 тоннд хүрсэн нь тус бүс нутагт орж ирсэн нийт түлшний дийлэнх буюу тал хувийг эзэлж байна.
  2. Киргизстан: Нийлүүлэлт ердөө 4,400 тонноос 72,000 гаруй тонн болж өсжээ.
  3. Тажикистан: 16,000 тонноос 56,000 гаруй тонн болж нэмэгдсэн байна.
  4. Казахстан: Долдугаар сард Оросоос дизель аваагүй байсан бол наймдугаар сард ойролцоогоор 28,000 тонн түлш импортолжээ.

ОХУ-ын дизель түлшний үйлдвэрлэл өдөрт дунджаар 170,000 тоннд хүрсэн ч энэ нь бүрэн хэмжээний экспортоо бүрэн нээхэд хараахан хүрэлцэхгүй байгаа аж. Тухайлбал, Оросын дотоодын зах зээлд нийлүүлсэн түлшний хэмжээ наймдугаар сард 4.7 сая тонн болж буурсан нь долдугаар сарын 5.0 сая тонноос бага зэрэг буурсан үзүүлэлт юм.

Оны эхний найман сарын байдлаар (1-8 дугаар сар) Оросоос Төв Ази болон Афганистан руу нийт 2.5 сая тонн дизель түлш экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийн 2.6 сая тонноос бага зэрэг буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч манай улс Оросын дизель түлшний хамгийн том худалдан авагч суурь байр сууриа хадгалсаар байна.