
Ч.Сансар
Саудын Арабын зүүнээс баруун чиглэлд нефть дамжуулдаг хоолойн үйл ажиллагаа хэдэн хоногийн дотор дахин сэргэж магадгүй гэж АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райт Мягмар гарагт мэдэгдэв. Уг хоолой нь Ормузын хоолойг тойруулан өдөрт 4-5 сая баррель нефть дамжуулдаг байсан.
1200 км урт нефтийн хоолой өнгөрсөн долоо хоногт халдлагын улмаас гэмтэж, үйл ажиллагаа нь зогссон. Саудын Араб хохирлын хэмжээг үнэлж дууссаны дараа хэдхэн хоногийн дотор засварлах боломжтой гэж Эрчим хүчний сайд үзэж байгаагаа илэрхийлэв.
Ормузын хоолой хаагдсан энэ нөхцөлд газрын тосны уг хоолойгоор дэлхийн нийт нефтийн нийлүүлэлтийн 4-5 орчим хувийг Улаан тэнгисийн Янбу боомт хүртэл хүргэж байсан.
Энэхүү саатал нь зарим зах зээлд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, Saudi Aramco компани Европын хэд хэдэн боловсруулах үйлдвэрт есдүгээр сарын сүүлээр нефть хүргэхээр төлөвлөж байсан ч зарим нийлүүлэлтээ цуцлах эсвэл хойшлуулахаас өөр аргагүй болжээ. Саудын Арабаас нийлүүлэлт саатсаны дараа Польшийн Orlen компани Хойд тэнгисийн нефть, АНУ-ын WTI Midland болон Казахстаны CPC Blend маркийн нефть худалдан авах гэж эрчимтэй хөөцөлдөж эхэлсэн. Есдүгээр сарын 11-нээс хойш Янбу боомтоос Саудын Арабын түүхий нефть ачсан нэг ч хөлөг онгоц гарсангүй.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын түүхий нефтийн нийлүүлэлт наймдугаар сард өдөрт 6 сая баррель болж буурсан байна. Энэ нь өмнөх сарынхаас өдөрт 2.3 сая баррелиар буурсан үзүүлэлт бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрчээ.
Нефтийн хоолой хаагдсаны улмаас энэ даваа, Мягмар гарагт түүхий нефтийн үнэ ханш дахин өсч, Brent маркийн үнэ нэг баррель нь $108-аас давсан байна.
Крис Райтын хэлснээр, Саудын Араб Ормузын хоолойгоор тээвэрлэх түүхий нефтийн хэмжээг нэмэгдүүлэх гэж АНУ-ын цэрэгтэй хамтран ажиллаж байгаа юм байна.
Хоолойн үйл ажиллагааг түргэн шуурхай сэргээж чадвал Персийн булангийн нефтийг Ормузын хоолойгоор дамжуулахгүйгээр тээвэрлэх боломжтой цөөн хэдэн маршрутын нэг дахин ашиглалтад орно.
Эх сурвалж: Oilprice