Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Араб уран агуулсан 110 сая тонн хүдрийн нөөц илрүүллээ

Ч.Сансар

Саудын Араб Медина бүс нутгаас 110 сая тонн уран агуулсан хүдрийн нөөц илрүүллээ. Энэ нээлт нь тус улсын цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх зорилгын хүрээнд чухал үйл явдал боллоо.

Энэ талаар Саудын Арабын Эрчим хүчний сайд ханхүү Абдулазиз бин Салман Вена хотноо болсон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Мэргэжилтнүүд 110 сая тонн хүдрийн нөөц илрүүлсэн нь Саудын Араб 110 сая тонн уран илрүүлсэн гэсэн үг биш гэдгийг анхааруулж байна. Олборлох боломжтой ураны хэмжээ нь хүдрийн чанар болон олборлолтын нөхцөлөөс хамаарна.

Саудын Араб цөмийн эрчим хүчийг эрчим хүчний системд эрчимтэй нэвтрүүлж эхэлж буй энэ үед ийм чухал нээлт болсон байна. Тус улс өнгөрсөн долдугаар сард АНУ-тай иргэний зориулалттай цөмийн эрчим хүч хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний хүрээнд Америкийн компаниуд Саудын Арабт цөмийн технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх боломжтой болсон юм.

Саудын Араб цөмийн салбараа Олон улсын атомын эрчим хүчний агентлагтай хамтран зөвхөн энхийн зориулалтаар хөгжүүлнэ гэж ханхүү Абдулазиз мэдэгджээ.

Илэрсэн ураны нөөц нь уул уурхайн салбараа өргөжүүлж, газрын тосноос хараат  байдлаа бууруулах Саудын Арабын зорилтыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулах юм байна. Тус улс фосфатын томоохон үйлдвэрлэгч болсон бөгөөд критикал минерал болон газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж байна.

Эх сурвалж:Oilprice