Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Шадар сайд Т.Доржханд: Монгол Улс 2028-2030 он гэхэд эрчим хүчний хараат бус болж, экспортлогч болох бүрэн боломжтой

О.Дөлгөөн

Шадар сайд Т.Доржханд өнөөдөр (2026.09.14) эрчим хүчний салбарын бодлого, экспорт болон шинэчлэлийн асуудлаар хэвлэлийн хурал хийж, салбарын тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх шийдлүүдийг танилцууллаа.

Монголын эрчим хүчний систем суурь бүтцийн хувьд хуучирч, эдийн засгийн өсөлттэйгөө хөл нийлүүлэн хөгжиж чадахгүй байгаа бодит байдалтай тулгараад байгааг тэрбээр онцлов. Тухайлбал, олон улсын банк санхүүгийн байгууллагууд болон гадаад түншүүд уламжлалт нүүрсний станцуудыг санхүүжүүлэхээ больсон нь хүндрэл учруулж байгаа ч Засгийн газар энэ чиглэлд тодорхой зорилт тавин ажиллаж байна.

Эрчим хүчний шинэчлэл ба 2030 оны зорилт

Монгол Улсын эрчим хүчний систем өвлийн оргил ачааллын үеэр буюу 12-2 дугаар сард хэт ачаалж, бусад саруудад хүчин чадал нь сулардаг нэг тагоотой тогтолцоотой явж ирсэн. Тиймээс Засгийн газар эрчим хүчний реформ хийж, дараах үндсэн зорилтуудыг дэвшүүлж байна.

2028-2030 он гэхэд Монгол Улс эрчим хүчний хувьд гадаад хараат байдлаас бүрэн гарч, бие даасан тогтолцоонд шилжинэ. Одоогийн байдлаар нийт эрчим хүчний эх үүсвэрийн ердөө 10 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэхээр төлөвлөж байна.

Эрчим хүчний экспортыг зөвхөн уламжлалт хэлбэрээр бус, эдийн засгийн шинэ хэлбэрээр авч үзэх шаардлагатай байгаа аж. Тухайлбал, Монгол Улс эрчим хүчээ шууд шугамаар экспортлохоос гадна дата төв (Data Center) болон технологийн экспорт хэлбэрээр хөгжүүлэх боломжтой юм.

Дата төвүүд болон хиймэл оюун ухааны дэд бүтцийг дотооддоо татан оруулж ирснээр, Өвлийн оргил ачааллын үеийн хүндрэлийг даван туулж, эрчим хүчний хэрэглээг жилийн турр тасралтгүй, жигд байдлаар ашиглах нөхцөл бүрдэнэ. Нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хослуулан барьж байгуулах санхүүжилтийн бодит боломж бий болно. Монгол Улсад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай дата төвүүд орж ирснээр эрчим хүчний салбарын өгөөж эрс нэмэгдэнэ.

Тэрбээр цаашид эрчим хүчний экспортыг дараах 4 чиглэлээр хөгжүүлэх боломжтойг дурдлаа.

  1. Цахилгаан эрчим хүчний шууд экспорт
  2. Ногоон металлургийн үйлдвэрлэл
  3. Дата төв болон технологийн үйлчилгээний экспорт
  4. Эрчим хүчний бизнес моделийн шинэ шийдлүүд

Засгийн газар хувийн хэвшилтэй хамтран эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, сахилга батыг сайжруулах замаар салбарын дампуурлаас сэргийлэх, хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцоллоо.