Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Чили дэлхийн зэсийн баяжмалын дөрөвний нэгийг олборлодог ч ердөө 4%-ийг нь хайлуулж байна

Т.Бямбанаран

Зэсийн олборлолтоор тэргүүлэгч Чили улс дэлхийн зэсийн баяжмалын бараг дөрөвний нэгийг олборлодог ч дэлхийн хэмжээнд хайлуулсан зэсийн үйлдвэрлэлийн ердөө 4.2%-ийг бүрдүүлж байна. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд БНХАУ-ын давамгайлал улам нэмэгдэж буй нөхцөлд олборлолт болон боловсруулалтын хоорондын зөрүү хэрхэн тэлж байгааг харуулж байна.

Төрийн өмчит Зэсийн комисс болох “Cochilco”-гийн энэ долоо хоногт нийтэлсэн судалгаагаар Чили улс 2025 онд дэлхийн нийт зэсийн баяжмалын ойролцоогоор 23%-ийг үйлдвэрлэсэн байна. Гэвч дэлхийн хайлуулсан зэсийн үйлдвэрлэлд эзлэх хувь нь 1990 онд 13.3 хувь байсан бол ийнхүү 4.2% болж огцом буурчээ. Чили улс Латин Америкийн хэмжээнд хамгийн өндөр хүчин чадал бүхий зэс хайлуулах үйлдвэрүүдтэй бөгөөд жилд ойролцоогоор 5.44 сая тонн баяжмал боловсруулах хүчин чадалтай ч үйлдвэрүүд нь нэрлэсэн хүчин чадлынхаа дөнгөж 60 орчим хувийг ашиглаж байгаа аж.

“Cochilco” тэрхүү судалгаандаа “Шинэ хүчин чадлыг нэмэгдүүлэхээс өмнө үйл ажиллагааны тасралтгүй байдал, хүртээмж болон боловсруулалтын хэмжээг сэргээх нь нэн тэргүүний боломж” хэмээн онцолжээ.

Энэхүү тэнцвэргүй байдлын улмаас дэлхийн зэсийн олборлолтод давамгайлж буй Чили улс баяжмалынхаа ихээхэн хэсгийг бусад оронд боловсруулахаар экспортлоход хүргэж байна. Тус улсын баяжмалын экспортын ойролцоогоор гуравны хоёр нь Хятад улс руу чиглэдэг. Ингэснээр Чили дэлхийн хамгийн том зэс хайлуулах зах зээлд нэвтрэх боломжтой боловч нөгөө талаас Хятадын эрэлт хэрэгцээ, аж үйлдвэрийн бодлого болон худалдааны нөхцөлөөс улам бүр хамаарах эрсдэлтэй болж байгаа ажээ.

Эх сурвалж: mining.com