
О.Дөлгөөн
Лондоны металлын бирж (LME) дээр зэсийн үнэ цоо шинэ рекорд тогтоожээ. АНУ-ын тарифын хүлээлт, томоохон уурхайнуудын доголдлоос үүдэн нийлүүлэлт хумигдаж зэсийн ханш ийн өсөв.
Зэсийн фьючерс ханш 0.9%-иар өсөж, нэг тонн нь 14,510 ам.долларт хүрсэн бол арилжааны эхэнд тонны үнэ 14,533 ам.долларт хүрч бүх цаг үеийн хамгийн өндөр үзүүлэлтийг тогтоосон нь 1-р сард тогтоогоод байсан 14,527.50 ам.долларын түүхэн дээд амжилтыг давсан үзүүлэлт юм.
Энэ он гарснаас хойш зэсийн үнэ 16%-иар, харин сүүлийн 12 сарын хугацаанд 47%-иар өсөөд байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар их хэмжээний цахилгаан шаарддаг AI дата төвүүд болон тэдгээрийг дэмжих дэд бүтцийн хөрөнгө оруулалт хурдасч байгаа тул дунд болон урт хугацаанд зэсийн эрэлт үргэлжлэн өсөх төлөвтэй байна.
Олон улсын зэс судлалын группын (ICSG) мэдээлснээр энэ оны эхний хагаст дэлхийн уурхайнуудын зэсийн олборлолт өмнөх оны мөн үеэс 1.1%-иар буурсан бол зэсийн баяжмалын үйлдвэрлэл 2.6%-иар бууржээ. Чили, Конго (АНУ) болон Индонези зэрэг олборлогч гол орнуудын гарц буурсан нь нийт дүнгээс доош татахад нөлөөлсөн байна.
Нью-Йоркийн Түүхий эдийн биржийн (COMEX) нөөц өнгөрсөн оны 2 сард ойролцоогоор 80,000 тонн байсан бол тухайн өдрийн байдлаар 8 дахин нэмэгдэж 695,624 тоннд хүрчээ. Харин АНУ-аас гаднах бүс нутгуудад боломжит нөөц шавхагдаж, бүс нутаг хоорондын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй байдал улам гүнзгийрч байна.
Чили дэх нийлүүлэлтийн доголдол ханшийг улам нэмэгдүүлж байна
Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили улсад нийлүүлэлтийн доголдол үргэлжилсээр байна. Томоохон уурхайнуудын үйл ажиллагааны асуудал, хүдрийн агуулга буурсан явдал болон цаг агаарын таагүй нөхцөл байдал давхацсаны улмаас гарц сул байв.
Чилийн зэсийн экспорт 7 сард 5.37 тэрбум ам.доллар байсан бол 8 сард буурч 4.63 тэрбум ам.доллар болсон нь сүүлийн нэг жил орчмын хугацаан дахь хамгийн бага түвшин юм. Bloomberg-ийн мэдээлснээр Чилийн үйлдвэрлэл оны хоёрдугаар хагаст сэргэж чадахгүй бол дэлхийн уурхайн нийлүүлэлт 2017 оноос хойш анх удаа жилийн дүнгээр буурах эрсдэлтэй байна.