Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэгт цахилгаан станцуудын нөөц шавхагдаж, нүүрсний нийлүүлэлт нэмэгдлээ

Ч. Сансар

Хэд хэдэн цахилгаан станцын нүүрсний нөөц эрс багассаны улмаас Энэтхэг улс нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлж эхэлсэн талаар Нүүрсний яам Даваа гарагт (2026.09.07) мэдээлэв.

Сүүлийн хэдэн долоо хоногт нүүрсний нөөц нь шаардлагатай хэмжээний 25%-д хүрэхгүй цахилгаан станцууд олширсон учир Энэтхэг улс төмөр замын тээврээ нэмэгдүүллээ.

Нүүрсний нөөц нь аюултай түвшинд хүрсэн цахилгаан станцуудын тоо наймдугаар сарын эцэст 46 байсан бол есдүгээр сарын 5-нд 58 болж огцом өсжээ.

Нүүрсний нөөц багассан станцуудын 53 нь дотоодын нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд юм.

"Нүүрсний нөөц нь аюултай түвшинд хүрсэн станцуудыг бид анхааралдаа авсан бөгөөд нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байгаа" хэмээн Нүүрсний яам мэдээллээ.

Төрийн өмчит Coal India компани, түүний салбарууд болон хувийн уурхайнуудаас нийлүүлж буй нүүрсний хэмжээ эрс нэмэгдсэн нь хангамжийг сайжруулахад нөлөөлсөн. Мөн есдүгээр сарын 3-наас хойш нүүрсний ачилт өдөр бүр өссөөр байна гэж Засгийн газар мэдэгдэв.

Цахилгаан станцуудад нүүрс нийлүүлсэн галт тэрэгний тоо есдүгээр сарын 3-нд 370 байсан бол есдүгээр сарын 6-нд 444 болж нэмэгджээ.

Энэтхэгт үйлдвэрлэж буй цахилгааны 75 орчим хувийг нүүрсний станцууд хангадаг. Тиймээс цахилгаан эрчим хүчний найдвартай байдлыг хамгаалахад нүүрсний тасралтгүй нийлүүлэлт нэн чухал юм. Дэлхийн хамгийн том нүүрс олборлогч Coal India компани агуулахдаа 76 сая тонн нүүрсний нөөц байгаа талаар мэдээллээ.