
О.Дөлгөөн
Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн хамгийн том зах зээл болох Хятадад коксжих нүүрсний үнэ өнгөрсөн наймдугаар сард сарын хугацаанд (фьючерс гэрээний ханш) 46 хувиар өсөж, Даляний бирж дээр 2013 оноос хойшхи түүхэн дэх хамгийн өндөр өсөлтийг үзүүлээд байна. Энэ нь 2025 оны долоодугаар сард сарын хугацаанд 38 хувиар өсөж байсан өмнөх рекордыг эвдсэн явдал болов. Түүнчлэн Австралийн өндөр чанартай коксжих нүүрсний FOB үнэ тоннд 267.1 ам.долларт хүрч, Хятадын дотоодын спот үнэ 357.1 ам.доллар болж тус тус эрс нэмэгджээ.
Өнгөрөгч тавдугаар сард Хятадын Шаньси мужийн уурхайд дэлбэрэлт болж, 80 гаруй хүн амь үрэгдсэн нь сүүлийн жилүүдэд гараагүй том осол болсон. Уг ослын дараа БНХАУ-ын Засгийн газраас бусад бүх уурхайнуудад аюулгүй байдлын хатуу шалгалт оруулж, олборлолтыг дахин эхлүүлэх үйл явцыг удаашруулсан нь дотоодын нийлүүлэлтийг эрс чангаруулжээ.
Үүний зэрэгцээ Ганцмод боомт дээр Хятадын талаас сарын сүүлчээр ил агуулахуудын байгаль орчны шалгалтыг чангаруулснаар манайхаас нийлүүлэх импортын хэмжээ буурсан байна.
"BHP" компани болон "Mysteel Global"-ийн шинжээчдийн тайлбарлаж байгаагаар, Хятадын дотоодын нийлүүлэлтийн бүтэц дэх энэхүү хүндрэл дөрөвдүгээр улиралд үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд нүүрснийхээ 95 хувийг импортолдог Энэтхэгийн эрэлт сэргэх учир Хятад, Энэтхэг хоёр далайн тээврийн нүүрсний төлөө өрсөлдөх эрсдэл үүсээд байна.