
О.Дөлгөөн
Энэтхэг улс зэс болон бусад чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалтын боломжийг судлахаар Замбитай хийх хэлэлцээгээ эхлүүллээ хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.
Энэтхэгийн Уул уурхайн яамны албаны хүмүүс 8 дугаар сарын 26-нд Замбийн талтай урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн бөгөөд асуудал нууцлалын шатанд байгаа тул нэрээ нууцлахыг хүссэн байна.
Өнгөрсөн жил Энэтхэгт олгосон 9,000 квадрат километр талбайн олборлолтын эрхийн талаар Замбийн нийслэл Лусакагаас зохих баталгаа өгөөгүйгээс үүдэн Энэтхэг, Замбийн яриа хэлэлцээ зогсонги байдалд орсон байжээ.
Энэтхэгийн хилийн чанад дахь чухал ашигт малтмалын нийлүүлэлтийг хариуцдаг үндсэн байгууллага болох Khanij Bidesh India Ltd нь Австрали, Бразил, Канад, Орос, Индонезид хөрөнгө оруулах боломжуудыг судалж байгаагаас гадна Малави дахь төслийн талаар хэлэлцэж байна.
Энэтхэг улс Засгийн газар хоорондын түвшинд чухал ашигт малтмалын ордуудыг эзэмшихээр Африкийн хэд хэдэн орнуудтай яриа хэлэлцээ хийж байгаа бөгөөд Австрали, Латин Америк дахь боломжит ордуудыг мөн судалж байгаа аж.
Энэтхэг улс нь цэвэршүүлсэн зэсийн дэлхийн хоёр дахь том импортлогч бөгөөд 2018 онд "Vedanta" компанийн "Sterlite Copper" хайлуулах үйлдвэр хаагдсанаас хойш тус улсын зэсийн импорт эрс нэмэгдсэн юм. 2047 он гэхэд Энэтхэг улс зэсийн баяжмалынхаа 91%-иас 97%-ийг импортоор авахад хүрэх магадлалтайг Засгийн газраас нь мэдээлсэн байна.