Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Шивээ Толгой", "Жавхлант"-ын лиценз шилжүүлэлт Татварын алба дээр дахин саатав

Source: entreeresourcesltd

О.Дөлгөөн 

“Онтре Ресурс” компани "Шивээ Толгой" (Хойд Хюго ордын үзүүр хэсэг) болон "Жавхлант" (Херуга ордын урд сүүл хэсэг)-ын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Оюу толгой” ХХК-д шилжүүлэх үйл явц үргэлжилж байгаа ч татварын байгууллагын шатанд дахин асуудал үүссэнийг 2026 оны хоёрдугаар улирлын тайландаа мэдээллээ. 

“Онтре” ХХК 2025 онд ч мөн лицензийн үнэлгээг Татварын албаар баталгаажуулахтай холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Харин энэ оны гуравдугаар сард нэхэмжлэлээ татаж, холбогдох ААНОАТ-ыг төлсний дараа тусгай зөвшөөрлийн үнэлгээний тооцооллоо шинэчилж, зургаадугаар сарын 18-нд дахин хянуулахаар хүргүүлжээ.

Гэвч зургаадугаар сарын 26-нд татварын байгууллага холбогдох баримт бичгийг журмын дагуу ирүүлээгүй гэж үзэн Татвар төлсөн гэрчилгээ-голгох боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үүний дараа “Онтрэ” ХХК Монголын Татварын албанд албан ёсны гомдол гаргажээ.

Мөн "Онтре Ресурс" гуравдугаар сарын 25-нд АҮЭБ-ийн сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэгт лицензийн талбай дахь өөрийн эдийн засгийн өгөөжийн төрд ногдох 34 хувийг хувьцаагаар бус, роялтигаар шийдвэрлэх санал хүргүүлсэн.

Эдгээр лицензийн талбайд Оюу толгойн бүлэг ордын зэсийн нөөцийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн 94 хувь хамаардаг.

Хюго Нортын нөөцийн загварыг шинэчилжээ

Source: entreeresourcesltd

Лицензийн маргаанаас гадна Хюго Норт Өргөтгөл (HNE) ордын судалгаа, өрөмдлөгийн ажил үргэлжилж байна.

2026 онд тус ордод 9,136 метрийн гүнтэй далд уурхайн 16 цооног өрөмдөхөөр баталсан бөгөөд зургаадугаар сард нийт 5,039 метрийн гадаргын дөрвөн цооног нэмж өрөмдөхөөр болжээ.

“Оюу толгой” ХХК энэ оны эхний хагаст Хюго Нортын Lift 1 болон Lift 2-ын шинэчилсэн нөөцийн загварыг боловсруулж дуусгасан байна. Lift 1-ийн шинэчилсэн далд уурхайн төлөвлөгөө болон олборлолтын хуваарийг энэ оны хоёрдугаар хагаст эцэслэнэ.

Иймд “Онтрэ” компани өөрийн эзэмшлийн Техникийн тайланг шинэчлэн боловсруулж, 2027 оны I улиралд бэлэн болгохоор төлөвлөөд байна.