Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

АЛТ, МӨНГӨ, ПЛАТИНУМЫН НӨӨЦӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ ОРНУУД

Т.Бямбанаран

Үнэт металл нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй байгалийн баялгийн нэг бөгөөд санхүүгийн хөрөнгө төдийгүй үйлдвэрлэлийн чухал түүхий эдийн үүрэг гүйцэтгэдэг. Алт нь тодорхойгүй нөхцөл байдалд аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болдог бол мөнгө болон платинумын бүлгийн металлууд үйлдвэрлэл, цэвэр эрчим хүчний технологийн салбарт чухал үүрэгтэй. Энэхүү графикт стратегийн ач холбогдол бүхий эдгээр металлын батлагдсан нөөцөөр ямар улс орнууд тэргүүлдэг болохыг харьцуулан үзүүлэв.

Австрали болон ОХУ алтны нөөцөөр тэргүүлж байна

Австрали улс 13,000 тонн алтны нөөцөөр дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь дэлхийн нийт нөөцийн ойролцоогоор тавны нэгийг эзэлнэ. Үүний дараа 12,000 тонн нөөцтэй ОХУ орж байгаа бол нэгэн цагт дэлхийн алтны гол үйлдвэрлэгч байсан Өмнөд Африк нэлээд зөрүүтэйгээр гуравдугаарт эрэмбэлэгдэж байна.

Австрали болон ОХУ-ын алтны нөөц нийлээд дэлхийн нийт батлагдсан нөөцийн бараг тавны хоёртой тэнцэх аж. Төв банкууд алт худалдан авалтаа үргэлжлүүлж, уурхайнуудын хүдрийн агуулга буурч буй энэ үед эдгээр нөөц нь урт хугацааны стратегийн чухал хөрөнгө болж байна.

Мөнгөний нөөц газарзүйн хувьд илүү өргөн тархжээ

Перу улс 110,000 тонн мөнгөний нөөцөөр дэлхийд тэргүүлж, ОХУ болон Австрали улсууд ойролцоо хэмжээний нөөцөөр удаалж байна. Нөөцөөрөө тэргүүлэгч таван улс дэлхийн нийт мөнгөний нөөцийн ойролцоогоор гуравны хоёрыг бүрдүүлж байгаа нь тус металлын нөөц газарзүйн хувьд харьцангуй өргөн тархсаныг харуулна.

Мөнгийг нарны зай хураагуур, цахилгаан бараа болон төрөл бүрийн үйлдвэрлэлийн салбарт өргөнөөр хэрэглэдэг учраас энэхүү металлын ач холбогдол, эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна.

Платинумын бүлгийн металлын нөөцөөр Өмнөд Африк давамгайлж байна

Платинумын бүлгийн металлын нөөц алт, мөнгөнийхөөс хавьгүй төвлөрсөн шинжтэй байна. Өмнөд Африк дэлхийн нийт нөөцийн ойролцоогоор 83%-ийг дангаараа эзэмшдэг. Харин бусад орнуудын платинумын бүлгийн металлын нөөц харьцангуй хязгаарлагдмал. Нөөц нь нэг улсад ийнхүү ихээр төвлөрсөн нь цөөн хэдэн олборлогч оронд үүссэн аливаа тасалдал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд мэдэгдэхүйц нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Платинум, паллади, роди, ириди, осми, рутени зэрэг платинумын бүлгийн металлууд нь автомашины катализатор, цахилгаан бараа, гоёл чимэглэл, эмнэлгийн багаж хэрэгсэл, мөн шинээр хөгжиж буй устөрөгчийн түлшний эсийн технологид зайлшгүй шаардлагатай түүхий эд юм.

Эх сурвалж: АНУ-ын Геологийн албаны “Mineral Commodity Summaries 2026” тайлан, Visual Capitalist