Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлдлээ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн (2026.08.26) шийдвэрлэлээ. 

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан байдаг. 

Ажлын хэсэг өнгөрөгч 4 дүгээр сарын 08-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа ажээ. 

Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, дотоод ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн газрыг улсын тусгай хэрэгцээнд авчээ. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны 10 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна. 

 

Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90%-ийг буцааж шилжүүлнэ

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрджээ. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалсан байдаг. 

Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоолыг баталлаа. Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэх тогтоолд 3 үндсэн агуулгыг тусгажээ. 

Тодруулбал, 

-Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах 

-Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг 5 хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх 

-Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90%-ийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх журмыг тусгахаар тус тус үүрэг болгов. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа, өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хаалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаал. Үнэ хаялцаад хамгийн өндөр өртөгтэйгөөр нүүрсээ гаргая. Энэ бол ил тод, зөв зарчим. Гэрээ хэлцэл хийнэ гэж дээгүүр, доогуур явдаг хүмүүс боль. Биржээр явж байгаа учраас бүх зүйл ил болсон” хэмээлээ.

 

Хүнсний ногооны 70%-ийг дотоодоос бүрэн хангана 

Засгийн газрын хуралдаанд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны ургацын урьдчилсан блансын дүн мэдээг танилцуулав. Монгол Улс энэ жил 370 мян.га-д тариалалт хийснээс 318 мян.га-д улаанбуудай, 13 мян.га-д төмс, 14 мян.га-д хүнсний ногоо, 90 мян.га-д ногоон тэжээл, 94 мян.га-д тосны ургамал тариалжээ.

Хаврын тариалалтаас эхлээд Засгийн газар газар тариалангийн салбарт онцгой анхаарал хандуулан ажиллаж, шуурхай арга хэмжээ буюу түлшний хангалтыг таслахгүй байх, 140 тэрбум эргэлтийн хөрөнгө оруулалтын зээл олгох зэргээр анхаарч ажилласны үр дүнд 555.3 мян.тонн улаанбуудай, 168.2 мян.тонн төмс, 220 мян.тонн хүнсний ногоо, 50 мян.тонн тосны ургамал, 200 мян.тонн малын тэжээл авах урьдчилсан бланс гарчээ. Ингэснээр, улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангах боломж бүрдлээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй мян.тонн улаанбуудай илүү тариалсан сайн мэдээтэй байна гэж Засгийн газрын ХМОНХГазраас мэдээллээ.