
Т.Бямбанаран
Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, компани нөгөө талаас нүүдэлчин ахуй соёлыг хадгалан авч яваа малчдын эрх ашиг нэгэн цэгт огтлолцдог. Олон жилийн турш энэхүү харилцаа зөвхөн ашиг сонирхлын зөрчил гэсэн ойлголтоор аль аль талдаа тодорхойлогдож ирсэн.
Гадаадын хөрөнгө оруулалттай, олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй уул уурхайн компаниудын хувьд хүний эрхийг хүндэтгэх нь нийгмийн хариуцлагын сайн дурын үйл ажиллагаа төдийгөөр хязгаарлагдахаа нэгэнт больж, хөрөнгө оруулалт татах, санхүүжилт авах, олон улсын зах зээлийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, эрх зүйн эрсдэлээс сэргийлэх үндсэн нөхцөл болон хувирч байна.
ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ЦААДАХ ХҮНИЙ ЭРХ
Монгол Улсын хувьд уул уурхайн салбар нь улсын төсөв бүрдүүлэлт болон экспортын орлогод тэргүүлэх байр суурь эзэлдэг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон МУУҮА-ийн 2024 оны тайланд дурдсанаар ашигт малтмалын нөөцийн салбар улсын төсвийн нийт орлогын 33%-ийг бүрдүүлжээ. Уг тоон үзүүлэлт 2018 онд 23%-тай байсан юм. Түүнчлэн манай улсын экспортын бүтээгдэхүүний бүтцэд уул уурхай бүр ч давамгай байр суурь эзэлж, 2024 онд Монгол Улсын нийт экспортын орлогын 93%-ийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлсэн байна.
Гэвч уул уурхайн эдийн засгийн үр өгөөж жилээс жилд ийнхүү өсөн нэмэгдэхийн хэрээр хүний эрх, байгаль орчинтой холбоотой асуудал улам ихээр хөндөгдөж байна. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ийн удаа дараагийн илтгэл, судалгаанд төрийн хяналт, зохицуулалт хангалтгүйгээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй эрхлэх болон нүүдлийн соёлоо хадгалах, мэдээлэл авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг олон эрх зөрчигдөж байгааг онцолсон.
УСНЫ НӨӨЦ БА АМЬДРАЛЫН ҮНДЭС
Уул уурхайн үйлдвэрлэлд ихээхэн хэмжээний yc ашигладаг. Одоогийн байдлаар уурхайн усны хэрэглээний 6.9%-ийг гадаргын ус, үлдсэн хэсгийг газрын гүний ус бүрдүүлдэг ажээ.
Судалгаагаар манай орны өмнөд бүсийн байгалийн өвөрмөц тогтоцтой говь нутагт уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Тавантолгойн бүлэг ордын олборлолт өнөөгийн эрчээр үргэлжилбэл 2030 он гэхэд газрын доорх усны нөөц огцом багасч, цаашид хүрэлцэхгүйд хүрэх эрсдэлтэй тулгарах нь тогтоогджээ. Говийн бүсийн гадаргын буюу гүехэн усны насжилт бага ч нөхөн сэргэх байдал харьцангуй сайн байдаг аж.
Харин эсрэгээрээ 100 метрээс доош гүнийн худгийн усны насжилт их буюу 11-28 мянган жил төдийгүй жилийн нөхөн сэлбэгдэх хэмжээ дунджаар 1.33 мм байдаг нь гүний усны нөөц урт хугацаанд нөхөгддөгийг харуулж байгаа юм.
ТООСЖИЛТ БА ЭРҮҮЛ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХ
Уурхайн орчин дахь тоосжилт нь тухайн бүс нутгийн иргэдийн хамгийн хүнд, тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
ХЭҮК-ийн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд дурдсанаар Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн орчимд хийсэн агаарын чанарын хэмжилтээр азотын давхар исэл, хүхэрлэг хийн хэмжээ стандартын шаардлагад нийцсэн боловч тоосны агууламж MNS 4585:2016 стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.2-2.4 дахин өндөр гарсныг тогтоожээ. Тоосжилтын улмаас Дарви, Цэцэг, Үенч, Булган, Алтай сумдын зарим малчин өрх өвөлжөө, хаваржаагаа бүрэн ашиглах боломж хумигдаж, малын бэлчээр хомсдож, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарт сөргөөр нөлөөлж буйг иргэд уламжилсан байна.
Үүнээс гадна "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь хүдрийн чулуулгаас зэсийг ялгахын тулд ихээхэн хэмжээний химийн бодистой усаар хөвүүлэн баяжуулах технологийг ашигладаг бөгөөд баяжуулалт хийгдсэний дараа химийн элемент холилдсон ус их хэмжээтэй үлдэж хиймэл нуур үүсгэдэг. Энэхүү хиймэл нуур буюу хаягдлын аж ахуй нь тухайн орон нутгийн суурин газрын салхин дээр байршдаг тул хүчтэй салхи босох үед цагаан нунтаг агаарт дэгдэж, хүн амын амьсгалын эрхтнийг гэмтээх эрсдэл өндөр байгааг дээрх илтгэлд онцолсон байна.
Хэдийгээр Орхон аймаг "Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2022 онд хэрэгжилтийг 85%-тай гэж үнэлсэн ч тоосжилтын эрсдэлийг төдийлөн бууруулж чадаагүй байна. Иймд Засгийн газрын ХЭГ-аас Ажлын хэсэг байгуулан Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн Хаягдал хураах шинэ санг Булган аймгийн Орхон сум, Орхон аймгийн Жаргалант сумын нийт 7048,39 га талбайд суурьшлын бүсээс 20 гаруй км-ийн зайд барихаар төлөвлөжээ.
Шинэ санд хаягдал өтгөрүүлэх шинэ технологиор хаягдлаа хураах бөгөөд үр дүнд нь цагаан тоосны дэгдэлтийг 80-90 хүртэл хувиар бууруулах тооцоо гарчээ. Хаягдлын шинэ сан барих ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерт шалгарсан Австрали улсын АТС Williams компани тус ажлыг хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Шинэ хаягдлын сангийн бүтээн байгуулалтын ажил 2028 онд дуусч, ашиглалтад орох юм.
ГАЗРЫН ДОРОЙТОЛ: МАЛЧДын АМЬЖИРГААНД УЧИРЧ БУЙ СОРИЛТ
2020 оны байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га газар ямар нэг байдлаар доройтжээ. Үүнээс 4.7% нь нэн хүчтэй, 18.6% нь хүчтэй доройтолд өртсөн бөгөөд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% нь цөлжилт, газрын доройтолд нэрвэгдсэн байна.
Үүнээс гадна Улсын хэмжээнд эвдэрч сүйдсэн нийт 36,092 га газрын 97.8% нь ашигт малтмалын олборлолт болон нөхөн сэргээлт хангалтгүй хийгдсэнээс үүдэлтэй аж.
Тавантолгойн бүлэг орд, Баруун Наран, Гашуунсухайтын чиглэлийн уурхайн бүсэд ашиглалтын талбай, авто болон төмөр зам, дэд бүтэц тэлснээр малчдын бэлчээр хумигдаж, уламжлалт отор нүүдэл хийх боломж эрс багассан талаар ХЭҮК мэдэгдсэн. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын зарим малчин өрх бэлчээрийн хомсдолоос шалтгаалан нутаг сэлгэн шилжих, эсвэл Улаанбаатар хот руу бүрмөсөн нүүхээс өөр сонголтгүй болсон тухайгаа ярьсан байна.
Уул уурхайн үйлдвэрлэл өргөжихийн хэрээр химийн бодис, үйлдвэрийн хаягдал, хаягдлын далантай холбоотой эрсдэл жилээс жилд нэмэгдэж байна. Хэрэв уурхайн хаягдлын далан задарвал хар тугалга, хүнцэл зэрэг хорт бодисын ялгарал хүлцэх хэмжээнээс хэтэрч, хөрсний бохирдлын ноцтой эрсдэлийг дагуулдаг. Энэ нь мөн л нутгийн иргэд, мал, ан амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлөх томоохон хүчин зүйл болж байгаа юм.
Энэ бүхнээс үзвэл уул уурхайн үйл ажиллагаа хүний эрх, байгаль орчин, нутгийн иргэдийн ахуй амьдралтай салгаж боломгүй сэжимээр холбогдсон байдгийг харуулж байна. Иймээс хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, шат дамжлага бүрд хүний эрхийг дээдэлье хэмээн нийтээр хүлээн зөвшөөрөхөөс өөр гарцгүй болжээ.
ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН ШИНЭ СОЁЛ
Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хүний эрхийн мэдрэмжтэй хандлага, аливаа зөрчил, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь тухайн компанийн нийгмийн зөвшөөрлийг бэхжүүлэх үндэс нь болдог. Тухайн байгууллага, компани нь эрхэлж байгаа үйл ажиллагаа, ханган нийлүүлэлтийн сүлжээ, бизнесийн харилцаанаас үүдэн хүний эрхэд үүсч болзошгүй, бодитоор үүсэх эрсдэлийг урьдчилан илрүүлж, үнэлэн, улмаар бууруулах арга хэмжээний цогц шийдэл болох Хүний эрхийг хамгаалах нэгдсэн аргачал буюу "Хүний эрхийн магадлан шинжилгээ" Human Rights Due Diligence-ийг нэвтрүүлэх явдал юм. Компаниудын хувьд зөвхөн учрах эрсдэлийг тооцох бус, юуны түрүүнд хүний эрхийг хангах, гарч болох эрсдэлийг урьдчилан тодорхойлох зорилготой байдгаараа уламжлалт эрсдэлийн удирдлагаас ялгаатай.
НҮБ-ын "Бизнес ба хүний эрхийн удирдах зарчим" (UN Guiding Principles on Business and Human Rights)-д зааснаар хүний эрхийн магадлан шинжилгээ нь дараах үндсэн үе шатыг хамардаг.
- хүний эрхийн эрсдэл, нөлөөллийг тодорхойлох, үнэлэх;
- илэрсэн эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээг хэрэгжүүлэх;
- үр дүнг тогтмол хянах;
- хэрэгжилтийн талаар ил тод мэдээлэх.
Энэ бүх үйл явцад компанийн ажилтнууд, орон нутгийн иргэд, малчид, ханган нийлүүлэгчид болон бусад нөлөөлөлд өртөх боломжтой талуудын бодит оролцоо зайлшгүй шаардлагатай байдаг.
Сүүлийн жилүүдэд Европын Холбооны улс орнууд хүний эрхийн магадлан шинжилгээг хуульчлах чиглэлд шилжиж, тэргүүлэх томоохон компаниуд хүний эрхийн эрсдэлийг үнэлэх, тайлагнах үүрэг хүлээж эхэлжээ.
Ялангуяа эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор зэс, литий, газрын ховор элемент зэрэг стратегийн ашигт малтмалын эрэлт эрчимтэй өсөж байгаа өнөө үед хүний эрхийг хамгаалахгүйгээр "ногоон шилжилт" хийх боломжгүй гэсэн ойлголт олон улсын хэмжээнд түгээмэл байна. Эндээс харвал өнөө цагт хүний эрхийг дээдлэх нь хариуцлагатай уул уурхайд заавал мөрдөгдөх ёстой шинэ соёл болон тогтож байна.
ХҮНИЙ ЭРХЭД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ (ХЭНБҮ)
Дээрх магадлан шинжилгээнээс гадна, тодорхой бодлого, хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэх явц болон бизнесийн үйл ажиллагааны улмаас хүний эрхэд үзүүлэх бодит болон болзошгүй сөрөг нөлөөллийг илрүүлж, үнэлэн, түүнийг арилгах буюу бууруулах арга хэмжээ авах нарийвчилсан судалгаа гэж бий. Энэ нь "Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ" (ХЭНБҮ) буюу "Human Rights Impact Assessments" юм.
Уламжлалт байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь ихэвчлэн агаар, ус, хөрс зэрэг физик орчинд төвлөрдөг бол ХЭНБҮ нь үүнээс өргөн хүрээг хамарч, ард иргэдийн амьжиргаа, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, соёлын өв, орон нутгийн иргэдийн оролцоо зэрэг хүний эрхийн асуудлыг цогцоор нь авч үздэг онцлогтой.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, ХЭҮК болон Бодлогын инновацийн хүрээлэн хамтран ХЭНБҮ-ий гарын авлага гаргасан бөгөөд үндсэн 6 үе шатыг тодорхойлжээ. Үүнд:
1. Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх;
2. Хүний эрхийн дүн шинжилгээ хийх;
3. Мэдээлэл цуглуулах, боловсруулах;
4. Нөлөөлөл, эрсдэлийг шинжлэх;
5. Оролцогч талуудтай хэлэлцүүлэг зохион байгуулах;
6. Дүгнэлт, зөвлөмж боловсруулж, танилцуулах зэрэг багтжээ.
FPIC: ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАХ ЗАРЧИМ
Уул уурхайн салбар дахь хүний эрхийн өөр нэг чухал ойлголт бол FPIC (Free, Prior and Informed Consent) буюу урьдчилсан, чөлөөт, мэдээлэлд суурилсан зөвшөөрөл авах зарчим юм. Энэхүү зарчмын дагуу уугуул иргэдийн газар нутагт аливаа төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхийн өмнө тэдэнд хангалттай мэдээлэл өгч, дарамт шахалтгүйгээр, шийдвэр гаргах бодит боломжийг бүрдүүлэх шаардлагатай.
FPIC-ийн үндсэн 4 зарчим бий.
- Чөлөөтэй (Free) - иргэдэд аливаа дарамт шахалт үзүүлэхгүй, сүрдүүлэг, албадлагаас ангид байх;
- Урьдчилсан (Prior) - уул уурхайн төсөл эхлэхээс өмнө иргэдтэй зөвшилцөх;
- Мэдээлэлд суурилсан (Informed) - иргэдэд ойлгомжтой, бүрэн дүүрэн, үнэн зөв мэдээлэл өгөх;
-Зөвшөөрөл (Consent) - тухайн сумын эсвэл багийн иргэд өөрсдийн уламжлалт шийдвэр гаргах механизмаар хараат бус шийдвэр гаргах.
FPIC зарчим нь нэг удаа иргэдтэй уулзаад гарын үсэг цуглуулаад дуусчихдаг үйл явц биш.
Төсөл өөрчлөгдөх, эсвэл шинэ мэдээлэл гарч ирсэн тохиолдолд иргэд зөвшөөрлөө эргэн харах, өөрчлөх, бүр татгалзах ч эрхтэй байдаг.
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ДАРААГИЙН АЛХАМ
Тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах уул уурхайн салбарын үр өгөөж эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэхтэй зэрэгцэн хүний эрх, байгаль орчин, орон нутгийн иргэдийн оролцоог ижил түвшинд авч үзэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.
Өнөөдөр хөрөнгө оруулагчид зөвхөн тогтмол болон ашигт ажиллагааг хангах бус, тухайн компанийн хүний эрхийн эрсдэлийг хэрхэн удирдаж байгаа менежмент, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагааr хэрхэн ханган ажиллаж байгаа байдал, ил тод, хариуцлагатай засаглалыг хэрхэн хэрэгжүүлж байгааг үнэлэх болсон.
Иймээс хүний эрхийн магадлан шинжилгээ, ХЭНБҮ болон FPIC зэрэг аргачлал нь уул уурхайн төслийн нийгмийн зөвшөөрлийг бий болгох төдийгүй бизнесийн урт хугацааны тогтвортой байдал, олон улсын өрсөлдөх чадварыг хангах стратегийн чухал хүчин зүйл болж байна.