
О.Дөлгөөн
"Степ Голд" ХХК (TSX: STGO, OTCQX: STPGF, FSE: 2J9) нь 2026 оны хоёрдугаар улирал болон эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны үр дүнгээ танилцууллаа.
Тайлант хугацаанд алтны үнэ өсөж, хүдрийн агуулга болон металл авалт сайжирсны зэрэгцээ үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд нэмэгдсэн нь компанийн орлого, үйл ажиллагааны үр дүнд эергээр нөлөөлжээ.
II улиралд тус компани 22,465 унц алт үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеээс өссөн үзүүлэлт боловч алтны борлуулалт 13,724 унц болж, өмнөх оны мөн үеийн 15,058 унцаас буурчээ. Харин 2026 оны эхний хагас жилд нийт 34,183 унц алт үйлдвэрлэж, 24,227 унц борлуулжээ.
Тус улиралд борлуулалтын орлого 61.8 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн 32.3 сая ам.доллароос бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Эхний хагас жилийн байдлаар нийт орлого 115 сая ам.долларт хүрчээ. Алтны нэгж унцын дундаж үнэ 4,493 ам.долларт хүрэв. (2025 оны мөн үед гэрээний дагуу унц тутамд 2,000 ам.долларын тогтмол үнээр борлуулж байсан тул дундаж үнэ 2,142 ам.доллар байжээ.)
Борлуулсан алтны унц тутамд ногдох мөнгөн өртөг (cash cost) II улиралд 1,164 ам.доллар, нийт нарийвчилсан өртөг (AISC) 1,716 ам.доллар байв.
Мөн 1.4 сая тонноос дээш хүдэр олборлож, 945 мянган тонныг боловсруулсан байна. Тээрэмдсэн хүдрийн дундаж агуулга 0.94 г/т-оос 1.55 г/т болж дээшлэн, металл авалт 79%-д хүрсэн нь үйлдвэрлэлийн өсөлтөд голлон нөлөөлжээ.
Triple Flag-тай холбоотой маргааныг шийдвэрлэв
“Степ Голд” 2026 оны 6 дугаар сарын 11-нд “Triple Flag International Ltd.” компанитай тохиролцож, өмнөх алтны урсгалын гэрээ болон урьдчилгаа зээлтэй холбоотой арбитр, шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна. 2036 он хүртэл нийт 34,770 унц алт тогтмол нийлүүлэхээр болжээ.
Харин энэхүү гэрээний эхний хуваарьт нийлүүлэлт болох 1,250 унц алттай тэнцэх хэмжээний металлыг 8 дугаар сарын 14-нд, өөрөөр хэлбэл тайлант хагас жил дууссаны дараа худалдан авч нийлүүлсэн байна.