Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Зэсийн баяжмалын хомсдол гүнзгийрч, хайлуулах үйлдвэрүүдийн үйлдвэрлэл сэргэхээргүй байна

2026 оны эхний хагаст Хятадын зэсийн баяжмалын зах зээлд урьд өмнө байгаагүй хомсдол үүсэж, баяжмал боловсруулах болон цэвэршүүлэх төлбөр (TC/RC) огцом буурч, сөрөг үзүүлэлттэй болсон талаар Mysteel судалгааны байгууллага мэдээллээ.  Энэхүү хямрал нь түр зуурын савлагаа биш бөгөөд нэг талаас дэлхийн томоохон уурхайнуудын нийлүүлэлтийн саатал болон нөгөө талаас Хятадын зэс хайлуулах хүчин чадал тасралтгүй өсөж байгаатай холбоотой бүтцийн тэнцвэргүй байдлыг харуулж байна. Энэ байдал удаан үргэлжилвэл эцсийн дүндээ Хятад дахь цэвэршүүлсэн зэсийн гарцыг ч хязгаарлаж болзошгүй юм. 


О.Дөлгөөн

Энэхүү огцом өөрчлөлт, түүний эргэн тойрон дахь боломж, сорилтын талаар Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн (МГТИС) дэд профессор Т.Пүрэв-Очиртой хийсэн ярилцлага болон зах зээлийн сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн тоймлолоо.

Хятадын зэсийн баяжмалын зах зээл гадаад нийлүүлэлтээс өндөр хамааралтай бөгөөд импорт нийт хэрэглээний орчим 80%-ийг бүрдүүлдэг. Хятадын Гаалийн ерөнхий газрын (GACC) мэдээгээр, 2026 оны 1-ээс 5 дугаар сард Хятадын зэсийн хүдэр ба баяжмалын нийт импорт 12.28 сая тоннд хүрч, жилийн өмнөхөөс 1.2%-иар буурсан нь сүүлийн таван жилийн хугацаан дахь анхны буурсан үзүүлэлт. 

Дэлхийн хамгийн том зэсийн баяжмал үйлдвэрлэгч Чили улс 5 дугаар сард ердөө 423,623 тонн баяжмал үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12.9%-иар буурсан үзүүлэлт бөгөөд эхний 5 сарын нийт гарц нь 2.0374 сая тонн болж, 2025 оны мөн үеэс 8.83%-иар багасжээ. Чилийн Зэсийн Үндэсний Комисс (Cochilco) 5 дугаар сарын таамаглалдаа тус улсын 2026 оны жилийн нийт зэсийн үйлдвэрлэл хүдрийн агуулга тасралтгүй буурч байгаа, төлөвлөгөөт засварууд болон оны эхний сул үзүүлэлтээс шалтгаалан 2%-иар буурч, 5.3 сая тонн болно гэж тооцоолсон.

Үүний зэрэгцээ, өндөр агуулгатай зэсийн баяжмалын томоохон эх үүсвэр болох Индонезийн Грасберг (Grasberg) уурхайд 2025 оны 9 дүгээр сард гарсан ослын улмаас үйлдвэрлэл огцом буурсан байна. Уурхайн эзэмшигч Freeport-McMoRan компани 2026 оны 1-р улиралд баяжмалын гарц 24%-иар буурсныг мэдээлж, 2026 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө 2025 оны бодит гарц болох 1,535,000 тонноос бууруулан 1,451,000 тонн болгож шинэчлэв.

Уурхайнуудын үйл ажиллагааны доголдол нь Хятадын импортын бүтцийг мөн өөрчлөв

GACC-ийн мэдээгээр, 1-ээс 5 дугаар сард Хятад улс Чили болон Перугээс импортолсон зэсийн баяжмалын хэмжээ тус бүр 5.31% ба 4.43%-иар буурсан бол үйлдвэрүүд өөр эх үүсвэр хайсны дүнд Монгол Улсаас хийсэн импорт 30.33%-иар өсжээ.

Нөгөө талаар Хятад руу хийх пиритын импорт өссөн нь зэсийн баяжмалын хомсдолын өөр нэг илрэл болов.  2026 оны эхний 5 сард пиритын импорт орчим 677,100 тоннд хүрсэн нь өмнөх оныхоос 32.8%-иар өссөн үзүүлэлт юм.

Төлөв: Түүхий эдийн хамгийн хүнд хомсдол 2026 оны II хагаст буюу 9-өөс 10 дугаар сард үүсэх төлөвтэй. Хятадын цэвэршүүлсэн зэсийн гарцын өсөлт II хагаст ердөө 1% орчимд очиж саарах ба баяжмалын хомсдол нь цаашид цэвэршүүлсэн зэсийн нийлүүлэлтийг хумиж эхлэх нь зах зээлийн гол эрсдэл болж байна.

Дэлхийн зах зээлд зөвхөн баяжмал гаргахаас гадна өндөр технологид суурилсан, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өндөр нарийвчлалын шинжилгээ, судалж боловсруулах (R&D) чадавх шийдвэрлэх үүрэгтэйг шинжээч тэмдэглэж байна. 


Т.Пүрэв-Очир: Эрдэс баялгийг гүн боловсруулахад өндөр нарийвчлалын шинжилгээ хамгийн чухал  

Монгол Улсын эрдэс баялгийн боловсруулалтын өнөөгийн түвшин, дэлхийн чиг хандлага болон салбарын боловсон хүчний чадавхын талаар Эрдэс баялаг, боловсруулалтын инженерийн дэд профессор Т.Пүрэв-Очиртой ярилцлаа. 


Дэлхийн чиг хандлагатай харьцуулахад манай улс эрдэс түүхий эдийн боловсруулалтын түвшингээр хаана явна вэ? 

Өнөөдрийн байдлаар манай улс эрдэс түүхий эдээ баяжуулж, хагас боловсруулсан байдалтайгаар экспортолж байна. Харин орчин үеийн лаборатори, нарийн хэмжилтийн багаж тоног төхөөрөмжүүд ашиглалтад орсноор бид эрдэс баялгийг илүү гүн түвшинд судалж, боловсруулалтын дараагийн шат руу шилжих бодит боломж бүрдэж байгаа юм. Үүнийг дагаад салбарын ирээдүй маш өөдрөг харагдаж байна. 

Манай Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн сургуулийн (МГТИС) хувьд Япон, Солонгос, Хятад болон Европын холбооноос гаргасан "Критикал элемент" буюу нэн чухал ашигт малтмалын жагсаалтад багтсан түүхий эдүүдэд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.  

Технологийн IV хувьсгал буюу хиймэл оюун ухаан (AI), ногоон технологи, үйлдвэрлэлийн автоматжуулалт зэрэг дэвшилтэт шийдлүүд салбарт хэр хүчтэй өөрчлөлт авчирна гэж Та харж байна вэ? 

Дэлхий нийтийн чиг хандлага хиймэл оюун ухаан болон инновацлаг технологи руу эрчимтэй шилжиж байгаа нь металл болон байгалийн нөөцийн эрэлтийг үлэмж нэмэгдүүлж байна. Нөгөө талдаа дэлхий даяар ашигт малтмалын нөөц болон хүдэр дэх металлын агуулга буурч байгаа нь бидний өмнө томоохон сорилт болж байна. Энэхүү хязгаарлагдмал нөөцийг хамгийн зохистой, үр ашигтайгаар ашиглахад хиймэл оюун ухаан болон дэвшилтэт технологиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Эрдэс баялгийн ийм өндөр эрэлт хэрэгцээтэй цаг үед Монгол Улс дэлхийн зах зээлд гол тоглогчдын нэг байх боломжтой. Бид энэхүү эгзэгтэй мөчийг ашиглан баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдээ олноор байгуулж, өндөр технологид суурилсан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шилжих ёстой. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд онцгой анхаарч байна. 

Таны бодлоор манай улсын лабораториудын дотоод чадавх болон нөөц боломж өнөөдөр шаардлагатай түвшинд хүрч чадаж байна уу? 

Сүүлийн жилүүдэд манай улсын лабораториудын чадавх, боловсон хүчний мэргэших түвшин асар хурдацтай ахиж байна. Дотоодын лабораториуд өрсөлдөх чадвартай болж байгаа нь бидэнд судалгааны шинэ боломжууд болон томоохон төслүүд дээр ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Үүнийг би маш сайшаалтайгаар харж байна. 

Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн сургууль байгуулагдсан цагаасаа хойш лабораториудынхаа хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлж ирсэн. Энэ жилийн тухайд бид олон төрлийн шинжилгээг нэг дор гүйцэтгэх чадамжтай (Multi-properties) Сургалт, судалгааны шинэ лабораторийг байгуулж байна. Ирэх намар ашиглалтад орох энэхүү лаборатори нь манай салбарт шинэ хуудас нээх юм. 

Тодруулбал, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлсэн манай багш, судлаачид өөрсдийн мэдлэг, ур чадвараа энэ лабораторид бүрэн гаргаж, судалгааны ажлаа олон улсын түвшинд ахиулах боломжтой болно. Энэ нь нэг талдаа үйлдвэрлэлийн салбарт тулгамдсан асуудлыг шинжлэх ухаанаар шийдэхэд туслах бол, нөгөө талдаа оюутнууд маань хамгийн орчин үеийн орчинд дадлагажиж, хөгжих бодит талбар болох юм. 

Танай сургуулийн хувьд сургалт, судалгааны тоног төхөөрөмжийн хангамж болон бусад аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллах судалгаа, хөгжүүлэлтийн (R&D) үйл явц ямар шатанд яваа вэ? 

Цар тахлын дараах үеэс манай сургуулийн гадаад хамтын ажиллагаа болон судалгааны ажлууд эрс эрчимжиж байна. Бид олон улсын түвшний томоохон төслүүд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн захиалгат, төлбөртэй судалгааны ажлуудыг тогтмол гүйцэтгэж байна. Манай сургуулийн нэг давуу тал нь Германы Засгийн газар, Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон ХБНГУ-ын түнш их сургуулиудтайгаа маш гүнзгий харилцаатай байдагт оршино. Бид оюутнуудаа Герман руу явуулж, тэндхийн лабораториудад туршилт, судалгаа хийлгэн, буцаж ирээд дипломоо хамгаалах боломжийг бүрдүүлдэг. 

Миний бие ХБНГУ-д найман жил сурч, ажилласан. 2016 онд Германы Засгийн газрын тэтгэлгээр докторантурт суралцаж, 2022 онд зэргээ хамгаалсан юм. Тэнд сурч мэдсэн мэдлэг, туршлагаа эх орныхоо салбарын хөгжилд, тэр дундаа МГТИС-ийнхаа сургалтын чанарт шингээхийг зорьж байна. 

Үүний нэг бодит үр дүн бол манай сургууль дээр суурилуулагдаад буй "Минерал либэрэйшн анализер" (Mineral Liberation Analyzer - MLA) төхөөрөмж юм. Энэхүү өндөр нарийвчлалын багаж нь Германы алдарт Фрайбергийн Уул уурхайн академид ганцхан ширхэг байдаг бөгөөд би оюутан байхдаа тэрхүү багаж дээр ажиллаж байлаа. Харин "Оюу толгой" компанийн дэмжлэгтэйгээр энэхүү тоног төхөөрөмж манай сургууль дээр ирснээр, Монгол оюутнууд маань заавал Герман руу явах шаардлагагүйгээр эх орондоо дэлхийн түвшний технологи дээр суралцаж, судалгаа хийх бүрэн боломжтой болж байна. 

Шинэ лаборатори болон таны дурдсан судалгааны шинэ бүтэц нь зөвхөн сургалтаар хязгаарлагдахгүй болов уу. Дотоодын уул уурхайн салбарт тулгамдаж буй технологийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд энэхүү лаборатори ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн "гүүр" болох вэ? 

Манай лаборатори одоогоор бүрэн байгуулагдаж дуусаагүй байгаа ч миний зорьж буй гол зорилго бол Германы шинжлэх ухааны системийг Монголд нутагшуулах явдал юм. Энэхүү систем бүрэн утгаараа ажиллаж эхэлснээр уул уурхайн компаниуд бидэнтэй хамтран ажиллах сонирхол нь нэмэгдэж, манай лабораторийг түшиглэн боловсон хүчнээ бэлтгэх, хамтарсан судалгаа хийх өргөн боломж нээгдэнэ. 

Цаашид зарим компаниуд өөрт шаардлагатай байгаа нарийн технологи, тоног төхөөрөмжийг лабораторид маань нийлүүлж, түүгээрээ дамжуулан хамтарсан туршилт, судалгаа гүйцэтгэх бүрэн боломжтой. Жишээлбэл, шинээр үйлдвэр барих эсвэл үйлдвэрийн өргөтгөл хийхийн өмнө манай лабораторид урьдчилсан туршилт, судалгааг хийлгэснээр компаниуд асар их зардал, эрсдэлийг хэмнэхээс гадна шинэ бүтээгдэхүүн гаргах боломжоо тодорхойлж чадна. 

Энэхүү судалгааны процессын явцад манай оюутнууд багш, профессоруудтайгаа хамтран яг тухайн үйлдвэрлэлд тулгамдаж буй бодит асуудал дээр ажиллах юм. Ингэснээр тэд төгсөхдөө зөвхөн онолын мэдлэгтэй бус, практик дээр 2-3 жил ажилласан туршлагатай, амьдралд ойр чадвартай мэргэжилтнүүд болж бэлтгэгдэнэ. Харин магистр, докторын түвшний судлаачдын хувьд Германы болон Обусад олон улсын түнш сургуулиудын туршлагад тулгуурлан дэлхийн түвшний шийдлүүдийг дотооддоо нэвтрүүлж, судалгааны ажлаа гүнзгийрүүлэх юм. Бид ийм замаар салбарынхаа ирээдүйг улам төгөлдөршүүлж, хойч үеийнхээ зам мөрийг тэгшилж байна гэж харж байна. 

Таны ярианд дурдагдсан Сургалт, судалгааны шинэ лаборатори яг хэзээ албан ёсоор ашиглалтад орохоор төлөвлөгдөж байна вэ? Таны хувьд энэхүү төслийг гардан гүйцэтгэж буй гол хүний нэг гэж ойлгож болох уу? 

Одоогийн төлөвлөгөөгөөр ирэх намар буюу шинэ хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн ашиглалтад орно гэж тооцож байна. Мэдээж энэ бол зөвхөн миний бус, манай баг хамт олон болон сургуулийн удирдлагуудын хамтын хүчин зүтгэл, нэгдмэл зорилгын үр дүн юм. 

Миний хувьд ХБНГУ руу суралцахаар явахаасаа өмнө энэхүү лабораторийн концепцыг анх боловсруулж байлаа. Германд суралцах хугацаандаа тэндхийн шилдэг лабораториудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, өөрийн санал, санаачилгаа энэхүү төсөлд тусгасан. Олон жилийн өмнө цаасан дээр бууж байсан тэрхүү санаанууд өнөөдөр бодит ажил хэрэг болж байгаад маш их таатай байна. Гэхдээ энэхүү томоохон боломж нээгдэхийн хэрээр бидний нуруун дээр салбарын хөгжлийг түүчээлэх маш том хариуцлага ирж байгааг ухамсарлаж байна. 

Ярилцсанд баярлалаа.