
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2026.08.19) болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалттай холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.
Дотоодын цэргийн хамгаалалтад авна
Үйлдвэрийн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж болон газрын тос дамжуулах хоолойн цогцолборыг Дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг албажуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг болголоо.
Үйлдвэрлэл, технологийн парк болгон хөгжүүлнэ
Ерөнхий сайд Н.Учралыг төслийн талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагуудын танилцуулсан татварын дарамт, санхүүжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс уг үйлдвэрийг Үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарлаа. Энэхүү ажлыг шуурхай хэрэгжүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Парк болсноор гарах гол хөнгөлөлтүүдээс дурдвал, Эхний 10 жилд газрын төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөнө. Эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөнө. Дотоодоос хангах боломжгүй импортын тоног төхөөрөмж, бараа материалын Гаалийн болон НӨАТ-ыг 4 хүртэлх жилээр сунгуулах боломж бүрдэнэ. Мөн гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөнө.
Цаашид Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр паркийн нэгжийн техник, технологийн түвшнийг шуурхай хэлэлцэж, ТЭЗҮ болон хөгжлийн төлөвлөгөөнд үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, үйл ажиллагааны зөвшөөрөл олгох ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэхээр болов.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар