Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛД ҮНИЙН ӨСӨЛТ ЭРЧИМЖИВ

Б.Төгсбилэгт


Hүүрсний зах зээлд ханш өсөж, харьцангуй эерэг нөхцөл байдал бүрдэж байгаа нь сүүлийн гурван сарын байдлаас харагдлаа. Учир нь Хятадын импортын эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь голлох нөлөөг үзүүлж байна. 

Манай улсын нүүрсний экспорт энэ оны эхний хагас жилийн дүнгээр 59.2 сая тоннд хүрч 4.02 тэрбум ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс үнийн дүн болон жингээр даруй 50-56% өссөн үзүүлэлттэй гарсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ онд нийт 90 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьсныг харгалзаж үзвэл манай улсын экспортын гүйцэтгэл оны эцсээр хол давж биелэх магадлал өндөр болоод байна. Он гарсаар манай улсын нүүрсний экспорт өсөлттэйгөөр тэмдэглэгдэж ирсэн бөгөөд 4 дүгээр сард нүүрсний экспорт сарын дүнгээр дээд амжилт тогтоож 11.5 сая тоннд хүрсэн юм. Гэсэн хэдий ч экспортын үнийн дүн тонн тутамдаа төдийлөн өсөж өгөхгүй л байв. Харин 5 дугаар сараас эхлэн үнэ дээшлэх хөдөлгөөн ажиглагдаж, аажим өсөлтөө хадгалсан хэвээр байна. Гэхдээ ийнхүү нүүрсний үнэ өсөж байгаа ч нөгөө талд дизель түлш болон бусад бараа материалын үнийн өсөлт нь олборлолт, тээвэрлэлтийн зардлыг өсгөж байгааг санах хэрэгтэй.

АНУ-Ираны хооронд өрнөж буй мөргөлдөөнтэй холбоотойгоор газрын тосны ханш өссөн нь нүүрсний ханш өсөх тодорхой эерэг нөлөөлөл үзүүлж буй. Үүний зэрэгцээ тавдугаар сарын сүүлээр Хятадын нүүрсний гол бүс нутаг болох Шаньси мужийн нүүрсний уурхайд ноцтой осол гарсан нь тус улсын дотоодын нийлүүлэлт хумигдах төлөвийг зах зээлд өгөв. Хятадын нүүрсний олборлолт энэ оны зургадугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7% буурч 381 сая тоннд хүрсэн байна. Энэ нь 2016 оноос хойших хамгийн том бууралт болов.

Шаньси мужийн урд хэсэгт орших, жилдээ 1.2 сая тонн олборлолтын хүчин чадал бүхий Liushenyu нүүрсний уурхайд өнгөрсөн 5 дугаар сарын 22-нд метан хий дэлбэрснээс болж 82 уурхайчны амь нас үрэгдэж, 120 гаруй хүн гэмтэж бэртсэн ноцтой осол болсон. Далд аргаар олзворлолт хийгддэг тус уурхайд осол болох үед 247 уурхайчин ажил үүргээ гүйцэтгэж байжээ.

Ослын улмаас урд хөршийн Засгийн газар уурхайнуудад нүүрсний аюулгүй ажиллагааны томоохон хяналт шалгалт оруулж эхэлсэн нь уурхайнуудын ажиллагаа ихээхэн саатаж, гарц буурахад хүргэсэн. Зөвхөн Шаньси мужид гэхэд 155 уурхайг түр хугацаагаар хааж аюулгүй ажиллагааны шалгалт оруулжээ. Улмаар тус мужид өдөрт олборлох нүүрсний хэмжээ дунджаар 300 мянган тонноор буурсан байна. Гэхдээ аажмаар олборлолт нэмэгдэх төлөв ажиглагдаж байгаа ажээ. Энэ оны эхний хагасын тухайд тус улсын нүүрсний нийт олборлолт 1.7% буурч 2.37 тэрбум тоннд хүрчээ. Хэдийгээр сүүлийн саруудад олборлолт буурах хандлагатай байгаа ч энэ оны эцэс гэхэд эрчим хүчний эрэлт болон импортын нүүрсний үнийн өсөлтийн нөлөөгөөр Хятадын нүүрс олборлолт 4.87 тэрбум тоннд хүрч дээд түвшинд очих төлөвтэй байгааr Trading Economics байгууллага мэдээллээ.

Олон улсын хэвлэлүүдэд Liushenyu уурхайн ослыг Хятадын хувьд 2009 оноос хойших хамгийн ноцтой осол гэж мэдээлсэн юм. Тухайн үед одоогоос 17 жилийн өмнө тус улсын нүүрсний хэд хэдэн уурхайд ноцтой осол гарч нийт дүнгээрээ хэдэн мянган уурхайчны амь эрсдэж байжээ. Шалтгаан нь ихэвчлэн уурхайд хий алдагдаж дэлбэрэлт болсноос үүдэн хөрсний нуралт үүссэнтэй холбогддог. Энэ удаагийнх мөн адил. Тиймээс Хятадын Засгийн газраас нүүрсний уурхайнуудын аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чангатгаж эхлээд байна.

Үүнээс гадна Хятадын нүүрсний уурхайд томоохон осол гарахтай холбогдуулан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг оруулснаар үнэ өсдөг байдал 2016 оны сүүлээр болж байсан. Тухайн үед мөн адил Хятадын нүүрсний голлох бүс нутгуудад уурхайн осол хэд хэдэн удаа гарах болсноор аюулгүй ажиллагааны хяналт шалгалтыг өргөн хүрээнд хийж, улмаар уурхайнуудын ажиллах хоногийн тоог цөөрүүлсэн. Ингэснээр дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсөж улмаар 2017 оны эхний улиралд Эрдэнэс Тавантолгой компани урд хөршийн Чалко-д тавьсан 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн зээлээ төлж дуусгаж байсан билээ. Харин энэ удаагийн хувьд Хятадын уурхайнуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт эрчимтэй явагдсанаар импортын эрэлт нэмэгдэж, манай улсын нүүрсний экспортын хэмжээ энэ онд харьцангуй тогтвортой байх дүр зураг баталгаажиж байна. Үнийн хувьд ч бас аажим өсөлт гарч эхэллээ. Гэхдээ 2016 оны эцсээр тохиосон өрнөлөөс үзэхэд иймэрхүү ханшийн өсөлтийн үргэлжлэх хугацаа ердөө хагас жил ч хүрэхгүй байх магадлалтай. Гэхдээ шинжээчид уурхайнуудад аюулгүй ажиллагааг чангатгаснаар урт хугацаандаа дэлхийн зах зээлд үнэ өсөх нөлөө үзүүлж болох тухай тайлбарлажээ.

Богино хугацааны хувьд ямар ч байсан үнэ өсөлттэй байгаа нь үнэн. Хятадын нүүрсний уурхайнуудын үйл ажиллагаа өнгөрсөн 6 дугаар сард аюулгүй ажиллагааны шалгалтын улмаас ихээхэн саатаж зах зээлд үнэ өсөж эхэлсэн. Тодруулбал Хятадын нүүрсний гол бүс нутгуудын нэг Шаньси мужид дээд ангиллын коксжих нүүрсний үнэ 5 дугаар сарын дундуур 240 ам.доллар/тн (EXW Anze) байсан бол 6 дугаар сарын дундуур даруй 302 ам.долларт хүрч өссөн тухай Kallanish байгууллагаас мэдээлжээ. Гэхдээ 7 дугаар сарын тухайд уурхайнуудын үйл ажиллагаа эргээд сэргэж олборлолт нэмэгдэж байгаа ч урд хөршийн дотоодын нийлүүлэлт хязгаарлагдмал хэвээр байгааг шинжээчид санууллаа. Улмаар тус мужид дээд чанарын коксжих нүүрсний ханш 7 дугаар сарын 10-ны байдлаар ялимгүй буурч 297.2 ам.доллар/тн-д хүрчээ. Харин Австралийн дээд ангиллын коксжих нүүрсний ханш (FOB нөхцөлтэй) энэ хугацаанд харьцангуй тогтвортой буюу 240 орчим ам.доллар/тн ханштайгаар худалдаалагдаж байна.

Хятадын дотоодын нүүрсний нийлүүлэлт хумигдсантай холбоотойгоор тус улсын нүүрсний импорт энэ оны 6 дугаар сард өсөлттэй байж 42.78 сая тоннд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.5%, өмнөх сарынхаасаа 28.6%-иар тус тус өссөн үзүүлэлт болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Хятадын нүүрсний импортод Индонез, Монгол, Австрали, ОХУ, Филиппин зэрэг таван улс голлох байрыг эзэлж байна.

Хятадын импортын нүүрсний нийт үнийн дүн 6 дугаар сард 3.86 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд тонн тутмын дундаж үнэ нь 90.29 ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.01 ам.доллар/тн-оор, өмнөх сарынхаасаа даруй 17.53 ам.доллар/тн-оор тус тус өссөн байна.

Статистик тоон мэдээллээс үзэхэд Шаньси муж дахь нүүрсний уурхайн осол нь дотоодын коксжих нүүрсний нийлүүлэлтийг мэдэгдэхүйц бууруулж улмаар Индонезийн нүүрсний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн байж болохыг Фэнвэй Энержи мэдээлжээ. Тодруулбал 6 дугаар сард Хятад улсын нүүрсний импортын 39%-ийг Индонезийн нүүрс бүрдүүлсэн бөгөөд Индонезээс импортолсон нүүрсний хэмжээ нь өмнөх оны мөн үеийнхээс 43.9% өсөж 16.73 сая тоннд хүрсэн байна.

Дэлхийн эрчим хүчний нүүрсний хамгийн том экспортлогч Индонезийн Засгийн газар Энэ онд нүүрс олборлолтын квотоо бууруулснаар экспортын хэмжээ буурах дохио өгсөн юм. Гэвч тус улсын Засгийн газар нүүрс олборлолтын хэмжээг нэмэгдүүлэхээр болсноо 6 дугаар сарын дундуур зарласан юм. Үүний зэрэгцээ нүүрсний экспортод ногдуулах татварын зохицуулалт энэ оны 9 дүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх төлөвтэй байна.

Харин манай улсын тухайд 6 дугаар сард өмнөд хөршийн нийт импортын нүүрсний 25%-ийг бүрдүүлсэн байна. 

Эх сурвалж: ГЕГ, ҮСХ
Эх сурвалж: ГЕГ, ҮСХ
Эх сурвалж: ГЕГ, ҮСХ

Тодруулбал Хятад улс мөн сард манай улсаас нийт 10.56 сая тонн нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 61.7%-иар өссөн тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлжээ. Импортын нүүрсний үнийн дүн 760 сая ам.долларт хүрсэн бөгөөд нүүрсний тонн тутмын дундаж үнэ 71.8 ам.доллароор илэрхийлэгджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс тонн тутамдаа 11 ам.доллароор өссөн дүн болж байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзэхэд 7 дугаар сар гарсаар манай улсын нүүрсний экспортын үнэ тонн тутамдаа 80 ам.доллар давсан нь мэдэгдэхүйц өсөлттэй дүн юм. Гэхдээ үнийн өсөлт цаашид үргэлжлэх эсэх нь хараахан тодорхой биш байгааг зарим шинжээч тэмдэглэсэн. Хэрэв үнэ өсөж, экспортын жин өндөр хэвээр байвал оны эцсээр нүүрсний экспортын орлого зэсийг давж гарах магадлалтай.

Австрали улс 6 дугаар сард Хятад руу 7.71 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 46.3%-иар өссөн дүн болж байна. Түүнчлэн Хятадын ОХУ-аас импортолсон нүүрсний хэмжээ 6.8 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 15% доошилсон ч өмнөх сарынхаасаа 24.5% өсжээ.

Энэ оны эхний хагасын хэмжээнд өмнөд хөрш нийт 225.4 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.7% дээшилжээ. Нийт нүүрсний импортын үнийн дүн нь 18.11 тэрбум ам.долларт хүрч 6.2% өсжээ.

Урд хөрш ийнхүү нүүрсний импортын хэмжээгээ 6 дугаар сараас эхлэн мэдэгдэхүйц нэмэгдүүлж нэм эхэлсэн нь харагдаж байна. Гэвч ОХУ-ын тухайд нүүрс олборлогч компаниудын дийлэнх нь алдагдалтай ажиллаж буй нь нийлүүлэлтээ нэмэгдүүлэхэд хүндрэл үүсгэж буй юм. Рублийн ханш чангарч, тээвэрлэлтийн үнэ өсөж буй нь үүний гол шалтгаан болж байна. Австралийн хувьд олборлолтын өртөг өндөртэйн сацуу дизель түлшний үнийн өсөлт, далайн тээврийн үнэ өсөж буй зэрэг нь асуудал дагуулж байна. Харин манай улсын хувьд харьцангуй боломжийн сайн чанартай коксжих нүүрсийг хямд үнээр тогтвортой нийлүүлж буй нь өмнөд хөршийн зах зээлд байр сууриа нэмэгдүүлэх нөхцөл болж буй юм. Бусад улс оронтой харьцуулахад манай улсын экспорт 6 дугаар сард хамгийн өндөр өсөлттэй буюу 60 гаруй хувиар нэмэгдсэн үзүүлэлттэйгээр тэмдэглэгджээ. Хэрэв цаашид үнийн өсөлт эрчимжвэл оны эцэс гэхэд гагцхүү зэсийн баяжмалын орлого бус нүүрсний орлогын өсөлт манай улсын төсөв санхүүд томоохон өсөлт авчрах нь гарцаагүй байна.

Гэхдээ геополитикийн эрсдэл, түүнээс үүдэн Хятадын эдийн засаг удааширч, эрэлт буурах, түлшний үнийн тогтворгүй байдал зэрэг нь тооцоолоогүй хүндрэлтэй байдлыг бий болгож болзошгүйг мартаж болохгүй.