
Ч.Сансар
АНУ, Ираны мөргөлдөөн үргэлжилж, Ормузын хоолой хаагдаж, Ойрх Дорнодын нефтийн нийлүүлэлт тогтворгүй болсон энэ нөхцөл байдалд Зүүн Азийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд анхаарлаа АНУ-ын нефть рүү хандуулж эхэлжээ.
Зөвхөн энэ долоо хоногт л гэхэд Азийн дөрвөн үйлдвэр АНУ-аас түүхий нефть худалдан авсан гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Энэ долоо хоногт Ормузын хоолой дахь нийт тээврийн урсгал улам бүр буурчээ.
Ормузын хоолойн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа энэ цаг үед Азийн үйлдвэрүүд өөр бүс нутгаас нефть нийлүүлэх боломжийг эрчимтэй судалж байна.
Ройтерсийн эх сурвалжийн мэдээлснээр, энэ долоо хоногт БНСУ-ын GS Caltex компани Shell-ээс 11 дүгээр сард нийлүүлэх 2 сая баррель Mars маркийн нефть худалдан авчээ. Уг нефтийн үнэ 10 дугаар сарын Дубайн жишиг үнээс 13–14 ам доллараар өндөр байна.
Японы томоохон газрын тос боловсруулах компаниудын нэг Cosmo Energy Holdings мөн Trafigura компаниас Mars маркийн нефть худалдан авчээ. Түүнчлэн Японы хамгийн том газрын тос боловсруулах компани Eneos Corp Trafigura-гаас 2 сая баррель West Texas Intermediate (WTI) маркийн нефть худалдан авсан байна. 11 дүгээр сард нийлүүлэх уг нефтийн үнэ 10 дугаар сарын WTI жишиг үнээс баррель тутамд $10 гаруйгаар өндөр байгаа аж.
Ройтерсийн эх сурвалжийн мэдээлснээр, Тайванийн төрийн өмчит эрчим хүчний CPC Corp компани тендерээр 2 сая баррель WTI нефть худалдан авчээ. Уг нефтийн үнэ Dated Brent жишиг үнээс баррель тутамд $8–9-өөр өндөр байсан байна.
Энэтхэгийн зарим төрийн өмчит үйлдвэрүүд мөн спот нефть нийлүүлэх ондоо эх үүсвэр хайж байна. Ройтерсийн мэдээлснээр, Mangalore Refinery and Petrochemicals Limited (MRPL) болон Hindustan Petroleum Corporation Limited (HPCL) компаниуд спот тендерээр нийт 6 сая баррель хүртэлх нефть худалдан авахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Oilprice