Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Эрдэнэ Ресурс: 2026 оны II улиралд 53 сая ам.долларын борлуулалт хийж, 10 сая орчим канад долларын цэвэр ашигтай ажиллалаа 

О.Дөлгөөн

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) компани 2026 оны хоёрдугаар улирлын санхүү болон үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компани Баянхөндийн алтны уурхайгаас өндөр ашигтай ажиллаж, хайгуулын төслүүддээ багагүй ахиц гаргасан байна.

Баянхөндий уурхайн олборлолт 37%-иар өсөв

Баянхөндийн орд II улиралд 11,709 унц алт, 3,317 унц мөнгө олборлон борлуулжээ. Энэ нь өмнөх улирлаас 37%-иар өссөн үзүүлэлт бөгөөд алтны дундаж  үнэ унц тутамд 4,493 ам.долларт хүрснээр нийт 53 сая ам.доллар (75 сая канад доллар)-ын борлуулалтын орлого олсон байна. Баяжуулах үйлдвэр төлөвлөсөн хүчин чадлынхаа 94%-д хүрэж ажилласан бөгөөд металл авалт 96%-тай гарч, хүлээлтээс давжээ.

Санхүүгийн үзүүлэлт огцом дээшилжээ

Өнгөрсөн оны мөн үед Баянхөндийн уурхай барилгын бүтээн байгуулалтын шатанд байсан тул 4.1 сая канад долларын алдагдалтай гарч байсан бол энэ оны II улиралд 9.99 сая канад долларын цэвэр ашигтай ажиллажээ. Түүнчлэн компани 2026 оны 6 сарын 30-наас олон нийтийн эзэмшилд байгаа хувьцааныхаа 10 хүртэлх хувийг (4.9 сая нэгж хувьцаа) буцаан худалдан авч хүчингүй болгох хөтөлбөрийг эхлүүлээд байна.

Бусад хайгуулын төслүүд

Зүүн мод төсөл: Зэс-молибдений порфирын төслийн Урьдчилсан эдийн засгийн үнэлгээ (PEA) дуусах шатандаа орсон бөгөөд 2026 оны хоёрдугаар хагасын дунд үеэр олон нийтэд танилцуулахаар төлөвлөжээ.

Тэрэг уул төсөл: Оюу толгойн ордоос урд 10 км-т орших тус талбайд 2,710 метрийн өрөмдлөг хийж, 1.5 км үргэлжлэх бүсэд алт, мөнгөний эрдэсжилт баталгаажуулсан байна. 

Мөн Баянхөндий, Хар морь, Алтан нар ордуудын нөөцийг шинэчлэн тооцоолсноос гадна Баянхөндийн баруун талд орших Улаан ордын анхны ашигт малтмалын нөөцийн тооцоог гаргасан байна.