
Ч.Сансар
Ойрх Дорнодын хямралын улмаас Энэтхэгийн төрийн өмчит боловсруулах үйлдвэрүүд Баруун Африкаас түүхий нефтийн худалдан авалтаа нэмэгдүүлж байна.
Хамгийн сүүлд Энэтхэгийн төрийн өмчит Hindustan Petroleum Corporation Limited (HPCL) компани Shell-ээс Нигерийн 2 сая баррель газрын тос худалдан авсан талаар эх сурвалжууд Пүрэв гарагт Ройтерс агентлагт мэдээлжээ.
HPCL компани Энэтхэгийн Андхра Прадеш мужид байрладаг Visakh боловсруулах үйлдвэртээ зориулан Нигерээс Forcados болон Bonga маркийн нефтийг тус бүр 1 сая баррелийг худалдан авчээ. Тус үйлдвэр хоногт 300 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай.
Энэ долоо хоногийн эхээр HPCL компани түүхий эдийн худалдааны Glencore компаниас Нигерийн Okwuibome болон Utapate маркийн 2 сая баррель газрын тос худалдан авсан тухай мэдээ гарсан.
Glencore-оос нийлүүлсэн Нигерийн нефтийг Ражастан мужид байрладаг, хоногт 180 мянган баррель тос боловсруулах хүчин чадалтай HPCL Rajasthan Refinery Limited (HRRL) үйлдвэрт боловсруулна.
Hindustan Petroleum компани тус үйлдвэрийн 74%-ийг, үлдсэн хувийг Ражастан мужийн засгийн газар эзэмшдэг.
Сүүлийн үед Энэтхэгийн хэд хэдэн үйлдвэр Оман болон Баруун Африкаас газрын тос худалдан авчээ. Учир нь Ормузын хоолой болон Баб-эль-Мандебын хоолойд үүссэн хямралаас болж Ойрх Дорнодоос урт хугацааны гэрээгээр нийлүүлдэг газрын тосны тээвэрлэлт дахиад саатсан.
Энэтхэгийн Mangalore Refinery and Petrochemicals Limited (MRPL) компани тендерт оролцож, Mitsui & Co Energy Trading Singapore компаниас Оманы 1 сая орчим баррель түүхий газрын тос худалдан авчээ. Dated Brent жишиг үнээс баррель тутамд 3 орчим ам.долларын нэмэгдэлтэй үнээр худалдсан тухай эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
Түүнчлэн Энэтхэгийн төрийн өмчит, тус улсын хамгийн том газрын тос боловсруулах компани болох Indian Oil Corporation нь Chevron-оос Баруун Африкаас нийт 4 сая баррель газрын тос худалдан авсан байна.
Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт долоодугаар сард дахин саатсан тул Энэтхэгийн үйлдвэрүүд Африкийн Ангол, Өмнөд Америкийн Венесуэл зэрэг алслагдсан орнуудаас газрын тосны шинэ нийлүүлэгч хайж байна.
Эх сурвалж: Oilprice.com