
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны хангамж, нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээлэл өгч, Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Өнөөгийн нөхцөл байдал
2026 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотод 43 вагоноор 2,580 тон "АИ-92" автобензин орж ирэн, агуулахуудад буун түгээлтэд гарсан байна. Мөн удахгүй 2,000 тон дизель түлш орж ирнэ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 155, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийгджээ.
Орон нутагт хадлан, тариалангийн ажил эхэлсэнтэй холбогдуулан зориулалтын зөөврийн саваар иргэдийн хэрэгцээнд шатахуун олгох боломжийг нээлттэй үлдээсэн. Мөн хаврын тариалалтаар тариаланчдад 7,500 тон шатахууныг хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн бол одоо аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд холбогдох яамтай хамтран ажиллаж байна.
Түр зуурын зохицуулалтын арга хэмжээнүүд 8 дугаар сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд нөөцийг хэвийн хэмжээнд хүргэхээр ажиллаж байна.
Үнийн өөрчлөлт ба хэлэлцээр
Импортын бүтээгдэхүүний хилийн үнэ өссөн. Тухайлбал, 2026 оны 8 дугаар сард хүлээж авах "АИ-92" автобензиний тонны үнэ 800 ам.доллар байсан бол 851 ам.доллар болж нэмэгджээ.
Үүнтэй холбогдуулан Үнийн зөвлөл удахгүй хуралдах ба ОХУ, БНХАУ, БНСУ болон бусад эх үүсвэрээс орж ирж буй бүтээгдэхүүний үнийг харгалзан үзэж, зах зээлд үнийн огцом хэлбэлзэл үүсгэхгүй байх бодлого баримтална. ОХУ-д дотоодын шатахууны хангамж хүндрэлтэй байгаа ч Монгол Улсад тогтвортой нийлүүлэх тал дээр онцгой анхаарч, хэлэлцээрүүд амжилттай үргэлжилж байгааг онцоллоо.
Сүүлийн жилүүдэд дотоодын шатахууны хэрэглээ 2 дахин нэмэгдсэн нь нөөцийн сав болон логистикийн доголдол үүсэх гол шалтгаан болж байна. Засгийн газраас уг асуудлыг сууриар нь шийдвэрлэхийн тулд дараах стратегийн бодлогыг хэрэгжүүлж байна.
Гадаад зээлийг гүйцэтгэлээр нь шуурхай санхүүжүүлэх эрх зүйн орчныг УИХ-аар шийдвэрлүүлснээр төслийн явц хурдассан. Олборлогч компаниудын хууль, татварын маргааныг эцэслэн шийдвэрлэж, дотоодын олборлолтыг нэмэгдүүлснээр 2028 онд ашиглалтад орох үйлдвэрийг түүхий тосоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлж байна. Уг үйлдвэр нь зарим нэр төрлийн бүтээгдэхүүн дээр дотоодын хэрэгцээг 100%, зарим дээр 30–50% хангах юм.
Агуулах, нөөцийн багтаамжийг нэмэгдүүлнэ
2026 оны хугацаанд 150 мянган м³ багтаамжтай савыг ашиглалтад оруулна. Ингэснээр 2028 он гэхэд Монгол Улс шатахууны стратегийн нөөцтэй болох юм. Ингэснээр дэлхийн зах зээл дээр түүхий тосны үнэ хямд байх үед 3–4 сарын хэрэглээгээр нөөцөлж, дотоодын үнэ болон хангамжийг урт хугацаанд тогтвортой хадгалах боломж бүрдэнэ.