
О.Дөлгөөн
АНУ-ын импортын тарифын шийдвэрээс үүдэн компаниуд зэс их хэмжээгээр нөөцөлж байгаа болон дэлхийн зах зээлд нийлүүлэлт хомсдож байгаагаас үүдэн зэсийн үнэ Нью-Йоркийн бирж дээр түүхэн дээд хэмжээндээ хүрээд байна.
Comex бирж дээр зэсийн үнэ нэг фунт нь 6.70 ам.доллар (нэг тонн нь 14,781 ам.доллар) болж өссөн бол Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 14,050 ам.долларт хүрчээ.
Зөвхөн 7 дугаар сард АНУ-д 200,000 тонн зэс импортоор орж ирсэн бөгөөд нийт нөөц нь 1 сая тонноос давжээ.
Ормузын хоолой хаагдсанаас үүдэн зэс боловсруулахад чухал шаардлагатай хүхрийн хүчлийн дэлхийн нийлүүлэлтийн 25% тасалдаад байна. Иймд Африкийн Конго болон Чили дэх зарим том уурхайнуудын нөөц багассан байна.
Зэсийн үнийн өсөлтөөс үүдэн Glencore, BHP, Rio Tinto, Freeport-McMoRan, Ivanhoe Mines зэрэг уул уурхайн гигант компаниудын хувьцааны ханш 1.7%-иас 3.3%-иар өсжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд зэсийн үнэ нийт 50 гаруй хувиар өссөн бөгөөд шинжээчид энэхүү хомсдол ирэх жилүүдэд ч үргэлжилнэ гэж үзэж байна.