Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Үндэсний геологийн алба болон Хятадын Геологийн алба хооронд хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв БНХАУ-ын Геологийн албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Лин Жиюн Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын 2026 оны 1 дүгээр сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын Байгалийн нөөц баялгийн сайдтай уулзаж хоёр орны геологи, эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг эхлүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу Монгол Улсад айлчилж байгааг тэмдэглэв. Уулзалтаар талууд дараах сэдвийн хүрээнд ярилцаж бэлтгэл ажлыг хангахаар тохиролцов.

1.  Монгол, Хятад хоёр орны геологийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлэх, Монгол Улсын Үндэсний геологийн алба болон Хятадын Геологийн алба хооронд хамтарсан төсөл хэрэгжүүлэх,

2. Хоёр талын сайд нарын харилцан тохиролцсоны дагуу “Монгол-Хятадын гео-шинжлэх ухааны хамтын ажиллагааны төв” байгуулах, энэ хүрээнд залуу эрдэмтэн судлаачдыг сургах, хүний нөөцийг бэхжүүлэх, ашигт малтмалын судалгаа, үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах,

3. БНХАУ-ын Бээжин хотноо 2026 оны 9 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Олон улсын уул уурхайн сайд нарын чуулга уулзалт” болон 9 дүгээр сарын 15-нд Тяньжин хотноо зохион байгуулагдах уул уурхайн үзэсгэлэнд Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг дахин урьж байгаагаа илэрхийлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хоёр талын тохиролцсон ажлуудыг түргэн шуурхай ажил хэрэг болгох, хамтарсан төслийг шуурхай эхлүүлж тодорхой үр дүн гаргахад анхаарч ажиллахыг уриалаад 2026 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног чуулга уулзалт, үзэсгэлэн”-д хятадын хөрөнгө оруулагчид, холбогдох төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчдийг оролцохыг урилаа.

 

Эх сурвалж: АҮЭБЯ