
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.07.27) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзаж, хоёр улсын эдийн засаг, технологи, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо.
Элчин сайд Игавахара Масарү Монгол, Японы хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх төслийг Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг шуурхайлах талаар ярилцлаа.
Япон Улсын Засгийн газраас дэвшүүлсэн стратегийн 17 голлох салбарын бүтээгдэхүүн, технологийн бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүч, цахим засаглал, мэдээллийн технологи, гарааны бизнес (start-up) зэрэг өндөр нэмүү өртөг шингэсэн салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзлээ илэрхийлэв. Мөн хүнд үйлдвэрлэл, технологийн салбарын суурь болсон япон загварын инженер, технологийн боловсролоор дамжуулан нарийн мэргэжлийн боловсон хүчин, инженер бэлтгэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар