
Б.Төгс
Эрдэнэ Ресурс компани (TSX: ERD; MSE: ERDN; OTCQB: ERDCF) Баянхонгор аймгийн Шинэжинст суманд орших Баянхөндий алтны уурхайн энэ оны 2 дугаар улирлын үйл ажиллагааны үр дүнг (2026.07.22) мэдээллээ. Баянхөндий алтны үндсэн ордын төслийг Эрдэнэ Ресурс нь Монголиан Майнинг Корпорэйшн-тэй хамтран эзэмшдэг Эрдэнэ Монгол компаниар дамжуулан хэрэгжүүлдэг.
Тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Петер Акерли “2026 оны 2 дугаар улиралд 11,709 унц алт олборлосон нь өмнөх улирлаас 37%-иар өссөн үзүүлэлт боллоо. Энэ нь уурхайн олборлолтын гүйцэтгэл сайжирч, боловсруулах үйлдвэр тогтвортой ажилласны үр дүн юм. 2025 оны 9 дүгээр сард алтны үйлдвэрлэл эхэлснээс хойш өнөөг хүртэл нийт 27,670 унц алт олборлоод байна” гэж мэдэгдлээ.
Тэрээр мөн “Боловсруулсан хүдрийн дундаж агуулга 2 дугаар улиралд 25%-иар нэмэгдсэн нь хүдрийн хяналтын тогтолцоог сайжруулж, уурхайгаас боловсруулах үйлдвэр хүртэлх үйл ажиллагааг оновчтой болгосны үр дүнд хүдэр алдагдах хэмжээг бууруулсантай холбоотой. Баянхөндий уурхайн үйл ажиллагаа тогтвортой сайжирч, манай гол төслүүдийн хайгуул, техникийн судалгааны ажлууд амжилттай урагшилж байгаа нь хувьцаа эзэмшигчдэдээ үнэ цэнийг бий болгоход таатай нөхцлийг авчирч байна” гэв.
Энэ оны 2 дугаар улиралд Баянхөндий алтны уурхай өдөрт дунджаар 1,682 тонн, нийт 153 мянган тонн хүдэр боловсруулсан байна. Мөн улиралд боловсруулсан хүдрийн дундаж агуулга 2.4 гр/тн байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлт юм. Метал авалт мөн улиралд дунджаар 96% байв.
Борлуулалтын тухайд энэ оны 2 дугаар улиралд Эрдэнэ Монгол компани нь 11,709 унц алт, 3,317 унц мөнгө борлуулж, унц тутмыг нь дунджаар $4,493 ам.доллар, мөнгийг унц тутмыг нь $72 ам.долларын дундаж үнээр борлуулж, нийт 53 сая ам.доллар (75 сая кан.доллар)-ын борлуулалтын орлого төвлөрүүлсэн байна.