
Б.Төгс
Үндэсний статистикийн хороо (ҮСХ) энэ оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийг (2026.07.22) танилцууллаа. Инфляцын тухайд энэ оны зургадугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 12%-иар өслөө. Тодруулбал барааны бүлгийн үнэ 12.9%, үйлчилгээний бүлгийн үнэ 9.6%-иар тус тус өссөн байна. Үүнд хүнсний барааны үнэ 24.8%, хувцас, бөс бараа 7%, гэр ахуйн тавилга, барааны үнэ 8%, эм тариа 7.2%, зочид буудал, дотуур байр 15.2%, боловсролын үйлчилгээ 12.8%, бусад бараа үйлчилгээний үнэ 9.1%, орон сууц, ус, цахилгаан, түлш 5.3% тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Гадаад худалдааны тухайд энэ оны эхний хагас жилд нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 10.4 тэрбум ам.доллар, импорт 6.1 тэрбум ам.доллар болж худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Тэнцлийн тухайд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 тэрбум ам.доллароор буюу 4.1 дахин өссөн нь онцлог эерэг дүн боллоо.
Нийт экспорт өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллар буюу 57.9%, импорт 588.1 сая ам.доллар буюу 10.6% өссөн байна. Улсын нийт экспортын 96.4%-ийг уул уурхай, 2.1%-ийг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн бүрдүүлэв.
Улсын нийт экспортын өсөлтөд, зэсийн баяжмалын экспорт оны эхний хагас жилийн байдлаар 2.3 тэрбум ам.доллароор буюу 97.5%-иар өссөн нь томоохон нөлөө үзүүлсэн байна. Зэсийн баяжмалын экспортыг биет хэмжээгээр авч үзвэл 253.3 мян.тн-оор өсөж 1306.9 мян.тн-д хүрсэн байна.
Нүүрсний экспортын тухайд тайлант хугацаанд 1.4 тэрбум орчим ам.доллароор буюу 51.4%-иар өссөн байна. Биет хэмжээгээр авч үзвэл 21.4 сая тонноор өсөж 59.2 сая тоннд хүрлээ. Харин алтны экспорт биет хэмжээгээр буурсан ч мөнгөн дүнгээр 37.6 сая ам.доллароор буюу 9.1%-иар өссөн байна.
Самнасан ноолуурын экспорт оны эхний хагас жилд 54.1 сая ам.доллароор өссөн нь нийт экспорт өсөхөд голлох нөлөөг үзүүлснийг ҮСХ мэдээллээ.
Хилийн дундаж үнийн тухайд энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс алтны үнэ 1645.9 ам.доллар/унц, зэсийн баяжмал 1349.3 ам.доллар/тонноор өссөн бол төмрийн хүдрийн үнэ 1 ам.доллар/тн, нүүрснийх 2.7 ам.доллар/тн-оор буурсан үр дүнг үзүүлжээ.
Улсын нийт импорт оны эхний хагас жилд 10.6%-иар өсөхөд түлшний импорт нөлөөлсөн. Тухайлбал дизелийн түлш 298.8 сая ам.доллар буюу 49%, биет хэмжээгээр 12 мян.тн-оор өссөн байна. Автобензины тухайд 78.8 сая ам.доллар буюу 27.7%, жингээр 105.2 мян.тн-оор тус тус нэмэгджээ. Хар төмөр бүтэц, эд анги 35.1 сая ам.доллар буюу 70.5%, улаанбуудай 27.8 сая ам.доллар буюу 27.8 дахин өссөн нь импортын өсөлтөд голлох нөлөөг үзүүлсэн байна.
Харин суудлын автомашины импорт 160 сая ам.доллароор буюу 23.9%, ачааны автомашины импорт 68.4 сая ам.доллароор буюу 23.4%-иар буурсан дүнтэй гарчээ.
Төлбөрийн тэнцлийн тухайд оны эхний таван сарын байдлаар урсгал данс 47.4 сая ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 827 сая ам.долларын ашигтай буюу төлбөрийн тэнцэл нийт дүнгээрээ 536.8 сая ам.долларын ашигтай гарлаа. Урсгал дансны алдагдлын хувьд 1.5 тэрбум ам.доллароор буурахад барааны худалдааны ашиг 3.1 тэрбум ам.доллароор, хоёрдогч орлогын дансны ашиг 4.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Үйлчилгээний худалдааны орлогын хувьд энэ оны эхний таван сарын байдлаар 707.7 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 135.4 сая ам.доллар буюу 23.7% өссөн байна.
Санхүүгийн дансны тэнцлийн хувьд энэ оны эхний таван сарын байдлаар 827 сая ам.долларын ашигтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 153.4 сая ам.доллароор буурсан. Үүнд бусад хөрөнгө оруулалтын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.6 тэрбум ам.доллароор өссөн нь голлох нөлөөг үзүүлсэн байна.
Mөнгөний нийлүүлэлтийн тухайд (M2) энэ оны эхний хагасын урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 (26.6%) их наяд төгрөгөөр өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 5.9 (26.3%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.8 (29.3%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 2.7 (75.4%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2026 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 16.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.8 (20.1%) их наяд төгрөгөөр, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 14.6 их наяд төгрөгт хүрч, 1.4 (10.7%) их наяд төгрөгөөр тус тус өсжээ. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2026 оны эхний хагас жилд 16.8 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.14 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оны мөн үед 758 тэрбум төгрөг байсантай харьцуулахад ийнхүү 2.8 дахин өсөөд байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 16.8 их наяд төгрөгт хүрлээ
/тэрбум төгрөгөөр/

Эх сурвалж: ҮСХ