Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Тавантолгойн метан хийн "Улаан нуур" төсөл 1 тэрбум австрали долларын санхүүжилт татлаа 

О.Дөлгөөн

Австралийн хөрөнгийн биржид (ASX) бүртгэлтэй "Jade Gas" компани Тавантолгойн  орд дахь "Улаан нуур" нүүрсний давхаргын метан хийн төслийн 1-р шатны өрөмдлөг болон Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) үйлдвэр барих ажилд зориулж 1.1 тэрбум австрали доллар (762 сая ам.доллар)-ын санхүүжилт авахаар болсноо мэдээллээ.

Уг санхүүжилтийг Хятадын "PT Beijing Energy Linking" (PTBEL), "PetroChina" болон "Hunan Geology & Mining Technology" компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулснаар шийдвэрлэж байна.

Улаан нуур төслийн бүтээн байгуулалтын 1-р шатанд 175 цооног өрөмдөх бөгөөд энэ нь тус компанийн 665 км² талбай бүхий тусгай зөвшөөрлийн нэг хэсэг болох 60 км² Улаан нуур талбайд хийгдэх нийт өрөмдлөгийн дөнгөж 30%-ийг эзэлж байгаа юм. 

PTBEL нь богино хугацааны өрөмдлөгт зориулж 10 хүртэлх өрөмдлөгийн төхөөрөмж гаргахаар тохиролцсон бөгөөд эхний мобилизацийг ирэх оны 2 эсвэл 3-р сард хийхээр төлөвлөж байна. Мөн PTBEL нь талуудын цаашид хэлэлцэн байгуулах талбайн үйлчилгээний гэрээний батлагдсан өртөг хэлбэрээр 1-р шатны өрөмдлөгт шаардлагатай капитал зардлыг 100% санхүүжүүлэхийг зөвшөөрсөн.

Jade Gas нь Улаан нуур төслийн эзэмшлээ хадгалж үлдэх ба PTBEL-д төлөх төлбөрийг ирээдүйн хийн борлуулалтын орлогоос хуваарилах гэрээгээр барагдуулах юм.

Үүнээс гадна Jade Gas нь 1-р шатны хөрөнгө оруулалтын зардалд багтаж буй 150 сая ам.долларын өртөг бүхий модуль хэлбэртэй үйлдвэр барихаар тохиролцсон бөгөөд эхний шатанд 40 орчим цооногоос хий олборлож борлуулах боломжтой болно. Санхүүжилтэд байрлах кэмп, зам, холбоо дохиолол, ус зайлуулах/боловсруулах систем болон батарей хуримтлуурын систем зэрэг дагалдах дэд бүтцийн зардлууд багтсан байна.

Мөн "Jade Gas" компани ширхэг нь 0.12 австрали долларын үнэлгээтэй 11 сая австрали доллар бүхий нэмэлт хувьцаа байршуулах бөгөөд уг хөрөнгийг талбайн өдөр тутмын үйл ажиллагаа болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх (IPO) бэлтгэл ажилд зарцуулахаар төлөвлөжээ.