Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Zijin” компани Конго Улсаас БНХАУ руу литийн экспортоо эхлүүллээ

Ч.Сансар

Хятадын “Zijin” компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хэрэгжиж буй “Manono” төслийн хүрээнд литийн баяжмалыг экспортолж эхэлсэн талаар уг асуудлыг сайн мэдэх эх сурвалжууд Ройтерс агентлагт мэдээллээ.

"Экспорт зургаадугаар сард эхэлсэн. Үйлдвэрлэсэн литийн баяжмалыг бүхэлд нь Хятад руу экспортолж байгаа" гэж төслийн талаар сайн мэддэг нэгэн эх сурвалж хэлэв.

Энэ бол Конго улсын анхны литийн экспорт юм. Ингэснээр тус улсын критикал минералын салбарт Хятад ноёрхлоо улам бэхжүүлж чадлаа.

Manono орд нь одоогоор ашиглалтад ороогүй дэлхийн хамгийн том хатуу чулуулгийн литийн орд юм. Конго улс Австралийн “AVZ Minerals” компанийн ашиглалтын зөвшөөрлийг цуцалж, уг ордын нэг хэсгийг “Manono Lithium” компанид шилжүүлснээр уг ордтой холбоотой маргаан дэгдсэн билээ.

Төслийн 54.9%-ийг “Zijin” компани, 35.1%-ийг төрийн өмчит уул уурхайн Cominiere компани, үлдсэн 10%-ийг Конго Улсын Засгийн газар эзэмшдэг.

Уул уурхайн нэгэн компанийн төлөөлөгч эхний экспорт нь туршилтын байсан гэж хэлжээ. Учир нь боловсруулах үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа нь техникийн асуудлаас болж хойшлогдоод байгаа билээ.

Ачааны автомашинууд литийн баяжмалыг Manono ордоос нуурын эрэгт орших Калеми хот руу тээвэрлэж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Тэндээс баяжмалыг Танзани улсаар дамжуулан Хятад руу экспортлох аж.

Manono төслийн боловсруулах үйлдвэр 2026 оны 5 дугаар сард буюу төлөвлөснөөс нэг сарын өмнө ажиллаж эхэлсэн. Мөн хайлуулах үйлдвэр болон дараагийн шатны байгууламжуудыг 12 дугаар сар гэхэд ашиглалтад оруулна гэж тус компани 7 дугаар сарын 9-нд мэдэгджээ.

“Zijin” компани 2026 онд Manono төслийн хүрээнд 30 мянган тонн литийн карбонаттай тэнцэх хэмжээний литий үйлдвэрлэхээр зорьж байна. Компанийн мэдээлснээр, уг төсөл жилд 5 сая тонн хүдэр боловсруулах, 1 сая тонн сподуменийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай.

Эх сурвалж: Ройтерс