
Т.Бямбанаран
Украины дроны цохилтууд ОХУ-ын газрын тос боловсруулах салбарыг хүнд байдалд оруулж, Оросын томоохон үйлдвэрүүдэд удаа дараа халдсаны улмаас түүхий нефть боловсруулах хэмжээ нь 2005 оноос хойших хамгийн доод түвшинд хүрч буурлаа.
Энэхүү хохирол нь түлшний хомсдол үүсгэж, экспортын хориг тогтооход хүргэснээр Москва автобензин, онгоцны түлш, дизель түлшний экспортоо зогсоож, дотоодын хэрэгцээгээ хангахын тулд түлшний импортоо нэмэгдүүлэхэд хүрээд байгаа аж.
Үүнээс үүдэн дэлхийн дизель түлшний зах зээл хумигдаж, импортлогчид АНУ, Энэтхэг, Ойрх Дорнодоос өөр эх үүсвэр хайж эхэлснээр газрын тосны үнэ өсөх хандлагатай байна.
Гуравдугаар сараас хойш Украин улс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилсноор Оросын түүхий нефть боловсруулах хэмжээ сүүлийн 21 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ.
"Bloomberg"-ийн мэдээлснээр Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд 7 дугаар сарын эхээр өдөрт дунджаар 3.91 сая баррель түүхий газрын тос боловсруулжээ. Энэ нь өмнөх оны дунджаас өдөрт 1.4 сая гаруй баррелиар бага бөгөөд 2005 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод буй юм. Украин улс сүүлийн 100 хоногийн хугацаанд ойролцоогоор 50 удаагийн дайралт хийж, Оросын газрын тос боловсруулах 34 том үйлдвэрийн 24-т нь цохилт өгчээ.

Долдугаар сарын 6-нд Омск хотын үйлдвэрт халдлага хийснээр Оросын газрын тос боловсруулах салбарын хамгийн сүүлийн аюулгүй байршлыг үгүй хийжээ.
Омск нь фронтын шугамаас 2,000 гаруй километрийн зайд оршдог бөгөөд 2024 онд ойролцоогоор 22 сая тонн түүхий газрын тос боловсруулж, Оросын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэрт тооцогдох болсон. Дээрх цохилтын улмаас жилд 8.4 сая тонн түүхий газрын тос, 1.2 сая тонн хийн конденсац боловсруулах хүчин чадалтай үндсэн төхөөрөмж болох ЭЛУ-АВТ-11 (ELOU-AVT-11) гэмтсэн гэж мэдээлжээ. Мөн хоёр дахь том үндсэн төхөөрөмж болон нэрэлтийн төхөөрөмжүүдэд ч гэмтэл учирчээ.
Эх сурвалж: OilPrice