
Т.Бямбанаран
Монгол Улсад уул уурхайн салбар хөгжихийн хэрээр орон нутаг дахь дэд бүтэц түшиглэн уурхай дагасан суурьшлын бүсүүд шинээр нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ л гэхэд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын шинэ суурьшлын бүсийг дурдаж болох юм. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1,500 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын төв, худалдаа үйлчилгээ болон ногоон байгууламж бүхий цогц суурьшлын бүс байгуулах шав тавих ёслолын арга хэмжээг 6 дугаар сарын 9-нд "Монголын Алт" (МАК) ХХК зохион байгуулж, ажлаа эхлүүлж буйгаа зарлалаа.
Хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих, орон нутгийн нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг сайжруулах, тухайн бүсэд ажиллаж буй уурхайчид болон инженер, техникийн ажилтнуудыг гэр бүлийн хамт тогтвор суурьшилтай амьдрах таатай нөхцөлөөр хангах зорилготой аж.
Гурвантэс суманд өнөөдөр ойролцоогоор 2,000 орчим ажилтан ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалт тэлэхийн хэрээр энэ тоо нэмэгдэх хандлагатай. Ийм нөхцөлд зөвхөн ажлын байраар тогтохгүй амьдрах орчин шаардлагатай болно гэдгийг МАК компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир онцолсон юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 55 сая ам.доллар бөгөөд 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Энэ бүс нутаг өнөөдөр Монгол Улсын экспортын чухал зангилаа төв болоод байна. Тухайлбал, Гурвантэс орчмын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Монгол Улсаас БНХАУ руу экспортолж буй нүүрсний 40 орчим хувийг бүрдүүлж байгаа гэх тоо баримт бий. Энэхүү суурьшлын бүс нь уурхай дагаж хөгжсөн Эрдэнэт, Ханбогд, Цогтцэций зэрэг хот, сууринуудын үргэлжлэл, цогц шийдэл болох аж.
Цаашид МАК групп Гурвантэс суурьшлын бүсээр хязгаарлагдахгүй, Дорноговь аймгийн Сайншанд хот, Даланжаргалан сум, Төв аймгийн Зуунмод хотод тус тус суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байгаагаа дурдсан юм.

Ийнхүү уул уурхайн салбар эрчимжихийн хэрээр хөгжлийг дагасан суурьшлын бүсүүд Монголд бодитоор өргөжиж байгаа ч тэдгээрийн цаана хүний эрх, байгаль орчны олон асуудал цогцоороо сүүдэр мэт дагаж явах нь гарцаагүй. Уурхайн суурьшлын бүсүүд болон уурхай дагасан хотуудын оршин тогтнох үндэс суурь нэг л хүчин зүйлтэй шууд хамааралтай байдаг. Энэ бол газрын хэвлийн баялаг. Өөрөөр хэлбэл, тэрхүү баялаг нөөц дуусахад тухайн хот, суурин эзгүйрч, орхигдсон балгас үлдэх эрсдэлтэй.
Уул уурхайн бүс нутаг болон уул уурхай дагасан хотуудын эдийн засаг, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогын дийлэнх хэсэг нь ашигт малтмалын олборлолтоос шууд хамааралтай болохыг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ) нэгэнт тодорхойлсон. Иймээс уурхай түшиглэсэн хот, сууринууд "хэрхэн хөгжих вэ" гэхээсээ илүүтэй "уурхай хаагдсаны дараа хэрхэн бие даан оршин тогтнох вэ, уурхайн хаалтын дараа орон нутгийн иргэдэд юу үлдэх вэ" гэсэн хамгийн том сорилттой тулгардаг.
УУРХАЙ ДАГАЖ ДЭД БҮТЭЦ ХӨГЖДӨГ Ч ШИЙДВЭРЛЭХ ОЛОН АСУУДАЛ БИЙ
Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч, төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн олборлох үйлдвэрлэл хамгийн эрчимтэй хөгжиж байгаа бүс нутаг Өмнөговь аймгийн Ханбогд суманд алт, зэсийн Оюутолгойн орд, зүүн хойд талдаа Цагаансуваргын орд, зүүнтээ Хармагтайн орд, хойд талдаа Цогтцэцийн Тавантолгойн нүүрсний уурхай гээд Монгол Улсын үндэсний уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг.
Хэдхэн жилийн өмнө говийн энгийн л нэгэн сум суурин байсан Ханбогд суманд өнөөдөр дэлхийд тэргүүлэгч алт, зэсийн Оюутолгой төсөл хэрэгжиж эхэлснээр тус бүс нутаг эрчимтэй өөрчлөгдөн, эрс шинэчлэгдэж байна. Олон улсын стандартын нисэх буудал, дэлхийн жишигт нийцсэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол, үйлчилгээний төвүүд олноор нээгдэж, Өмнөговийн хамгийн хурдацтай хөгжиж буй сумын нэг болсон нь зочилж очсон хүн бүрийн нүдэнд шууд тусна.
Энэхүү хөгжлийн цаана "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" чухал үүрэг гүйцэтгэж байна. 2015 онд Өмнөговь аймаг, Ханбогд сум болон "Оюу Толгой" компанийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан тус сан жил бүр 5 сая ам.долларын санхүүжилт авдаг. "Говийн Оюу ХДС" нь 2025-2028 онд боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн хөгжилд чиглэсэн 15 шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Үүнээс гадна 2022 онд батлагдсан Ханбогд сумын ерөнхий төлөвлөгөөний хүрээнд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар сумын төвийг орчин үеийн жишиг суурин болгон хөгжүүлэх ажлууд эхэлжээ. Өнөөдөр Ханбогдын хөгжил зөвхөн барилга байгууламжаар хэмжигдэхгүй, ирээдүйд тогтвортой хөгжих "хотын" суурь нөхцөлийг хангах зорилготой гэдгийг "Оюу толгой" ХХК-ийн тайланд дурджээ.
Гэхдээ тус сумын хөгжлийн гол хөдөлгүүр, хөдөлгөгч хүч нь ганц уул уурхайн компани байгаа нь тод харагдаж байна. Ханбогдын хөгжлийн хурдасгуур нэг л өдөр зогслоо гэхэд энэ эрчээ алдахгүй, тогтвортой урагшлах асуудлыг хаана хаанаа тооцоолж, угтуулан тавих алсын хараатай бодлого үгүйлэгдэж байна.

Ийнхүү Ханбогд сум Оюу толгойн санхүүжилтээр өндийж, өнгө зассан бол Цогтцэций сум Тавантолгойн бүлэг ордыг даган өргөжиж байна. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой", Өмнөговь аймгийн ууган уурхай буюу орон нутгийн өмчит "Тавантолгой", хувийн хэвшлийн "Энержи ресурс" гэсэн гурван том төсөл Тавантолгой бүлэг ордод идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тавантолгойн нүүрсний орд ашиглалтад орж, Ухаахудагийн уурхай ажиллаж эхэлсэн цагаас тус сум Монголын хамгийн хурдацтай хөгжиж буй сууринуудын нэг болсон. Сүүлийн 10 жилд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, нүүрсний экспортын авто зам, эрчим хүч, цахилгаан дамжуулах шугам, сүлжээ, орон сууцны шинэ хорооллууд ашиглалтад орсон нь Цогтцэций ердийн нэгэн сумаас ангид, уул уурхай түшиглэсэн эдийн засгийн томоохон төв болон өөрчлөгдөв.
"Энержи Ресурс" компани 2009 оноос Ухаахудаг уурхайд үйл ажиллагаа явуулж эхэлсэн үетэй зэрэгцэн орон сууц, сургууль цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдэж иржээ. Цогтцэций, Ухаахудаг цогцолборын хүрээнд 2013 оноос эхлэн "Цэций-1" болон "Цэций-2" орон сууцны хорооллыг үе шаттайгаар ашиглалтад оруулсан байна.

Цогтцэций суманд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний уурхайг даган зах зээл хөгжиж, дэд бүтцийн бүтээн байгуулалт эрчимжиж байгаа ч олборлолтын явцад үүсэж буй асуудлууд нутгийн иргэдэд хамгийн ихээр нөлөө үзүүлдэг. Ялангуяа уул уурхай, хүнд үйлдвэрлэлээс үүсэж буй сөрөг нөлөөлөл нутгийн иргэд, малчдад хүндээр тусч байна. Энэ нь хэд хэдэн шинж чанараар илэрдэг. Нэгдүгээрт, уул уурхайн олборлолтоос үүссэн агаарын бохирдол, тоосжилтын улмаас энэ нутаг дэвсгэрт түр болон байнгын оршин сууж байгаа 20 гаруй мянган хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа алдагдсаар байна. Хоёрдугаарт, байгаль орчны доройтол сүйрлийн хэмжээнд хүрсэн гэдгийг тус сумын Засаг дарга хэлж байна. Хөрсний эвдрэлийг даган бэлчээр сүйдэж, ургамлын бүрхэвч, байгалийн зүй зохистой эко систем алдагдаж байна.
Хамгийн их анхаарал татаж буй асуудал бол ус. Монгол орны бусад бүс нутгийг бодвол усны нөөц эрс бага говийн эмзэг бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд гүний усыг хэдэн сая шоо метрээр тасралтгүй ашиглаж байгаа нь ирээдүйд ямар үр дагавар авч ирэхийг хэн ч таашгүй.
Энэ мэтчилэн дэд бүтэц, суурьшлын бүсийг тойрсон олон асуудал гарч ирэх нь тодорхой. Уурхайн үйл ажиллагааг дэмжих, ажилчдын тав тухтай орчин нөхцөлийг хангахын тулд суурьшлын бүс байгуулах нь нэг талдаа сайн хэрэг. Гагцхүү хүний эрх, байгаль орчны нөлөөлөл, уур амьсгалын болзошгүй аюулыг урьдчилан анхааруулж, ил тод мэдээлж, шударга үнэлгээ өгч, засаж сайжруулах тал дээр алхам тутамдаа анхаарч ажиллах нь зүй ёсны нийгмийн шаардлага болоод байна. Тав, арав, магадгүй 20 жилийн дараа тухайн суурьшлын бүсийн эдийн засгийг тэтгэгч уурхайн насжилт дуусахад улаан тоос үлдэх биш сум орон нутаг бие даан хөгжих, урт хугацааны тогтвортой хөгжлийн үндсийг суулгасан байх шаардлагатай юм.
ЭРДЭС БАЯЛГААС ОЛОН ТУЛГУУРТ ЭДИЙН ЗАСАГ РУУ
ЭЗХАХБ болон Дэлхийн банкны судалгаагаар томоохон уул уурхайн төслүүд нь алслагдсан бүс нутагт хүн ам, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, дэд бүтцийг төвлөрүүлснээр шинэ суурин, хотууд үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Ихэнх уурхайн бүс, хотуудын түүх ганц нэг гэр, ажлын байрнаас эхэлдэг ч томоохон уурхай ашиглалтад ороход зөвхөн уурхайн ажилчид төдийгүй ханган нийлүүлэгчид, тээврийн компаниуд, засвар үйлчилгээ, худалдаа, зочид буудал, ресторан хоолны газар зэрэг олон салбар дагаад нутагшдаг. Ингээд шууд болон шууд бус байдлаар олон мянган ажлын байр бий болж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг эрчимжүүлдэг.
Канадын Судбюри хот бол уул уурхай хөгжсөн баялаг түүхээрээ дэлхийд дурдагдах сайн жишээний нэг. Тус бүс нутагт никель, зэс болон үнэт металлын нөөц илрүүлж, анхны уурхайн сууринууд 1890-ээд онд байгуулагдсан түүхтэй. Дөрвөн үе дамжсан уурхайчид энэ хотыг одоо хэр нь өөрсдийн гэр орноо хэмээн дурсдаг. "Дэлхийн никелийн нийслэл" гэх нэрээр танигдсан тус хот нэгэн үе уул уурхайгаас бараг бүрэн хамааралтай байв.
Цахилгаан автомашины батарей үйлдвэрлэлд шаардлагатай 1 дүгээр зэрэглэлийн никель үйлдвэрлэдэг цөөн хэдэн бүс нутгийн нэг болох Судбюрийн сав газар дахь энэхүү орд никелийн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог.
Харин олборлолтын үйл ажиллагаа хумигдаж эхлэхэд хотын удирдлага уурхайгаас олсон баялгаа боловсрол, судалгаа, шинжилгээ, инновацыг хөгжүүлэхэд чиглүүлжээ.
Австралийн Пилбара бүсийн уурхайн хотууд үүнтэй төстэй замналыг туулсан байдаг. ЭЗХАХБ-ын судалгаанд Пилбарагийн эдийн засгийн хөгжил уул уурхайн салбарт тулгуурлан бий болсон хэмээн онцолжээ. Төмрийн хүдрийн асар их нөөцөд түшиглэн хөгжсөн Пилбарад Өнөөдөр Каррата, Ньюман, Порт Хедланд зэрэг дагуул хотууд бий болжээ. Эдгээр нь анх уурхайн хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан ч аажмаар орон сууц, сургууль, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв бүхий байнгын ажиллагаатай хотууд болон өргөжсөн түүхтэй. Порт Хедланд нь өнөөдөр дэлхийн төмрийн хүдрийн экспортын хамгийн чухал боомтуудын нэг болсон аж.
Эдгээр хотын нийтлэг шинж нь уул уурхайн орлогоороо эдийн засгаа төрөлжүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар нь бусад чухал салбаруудыг хөгжүүлэх гүүр нь болдог аж. Хэрэв уул уурхайн салбарыг хөгжлийн зөв бодлого, төлөвлөлттэй хослуулж чадвал логистик, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн шинэ төвүүдийг хөгжүүлэх хангалттай хүчин зүйл болж чаддагийг дээрх жишээнүүд тод харуулж байна.
ХАРИН ЗООСНЫ НӨГӨӨ ТАЛД...
Гэвч уурхай дагасан хот бүр ийм хувь заяатай байсангүй. Дэлхийн газрын зураг дээр нэгэн цагт цэцэглэн хөгжиж асан уурхайн хотууд өнөөдөр эзгүйрч, хоосорч үлдсэн жишээ цөөнгүй бий.
Чилийн Чукикамата бол дэлхийн хамгийн том ил уурхайн нэгийг түшиглэн бий болсон хот. Оргил үедээ 25 мянга орчим хүн амьдарч байсан ч уурхайн тэлэлт, хүрээлэн буй орчны бохирдлын улмаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, 2007 онд хот бүрэн эзгүйрчээ. Өнөөдөр тэнд уурхайн ашиглалтгүй үлдсэн байгууламжууд болон хоосон үлдсэн модон байшингууд дүнсийн харагдана.
Үүнтэй адил АНУ-ын баруун бүсийн алт, мөнгөний уурхай түшиглэсэн олон хотууд байгалийн нөөц нь шавхагдан дуусмагц оршин суугчдаа алдсан байдаг. Нэгэн цагт хэдэн мянган хүнтэй байсан Боди, Райолит зэрэг хотууд өнөөдөр жуулчдын зорин очдог эзэнгүй "сүнс хот" болон үлджээ. Тодруулбал, 1877-1882 онуудад Боди хот 8,000 орчим хүн амтай, ид өрнүүн хөгжиж байсан бөгөөд энэ хугацаанд 38 сая ам.доллароос давсан үнэ бүхий алт, мөнгө зэрэг өнгөт метал олборлож байв. Харин өнөөдөр Калифорнийн алтны халуурал, алт олборлолтын үе аль хэдийн түүх болон үлдэж, тус газарт 200 орчим эзгүй модон барилга л үлдэж хоцорчээ.
Эцсийн дүндээ уурхай дагасан хотын амжилтыг олборлосон тонн хүдрээр хэмжих бус, уурхайн идэвхтэй үйл ажиллагаанаас хойш хэр удаан хугацаанд, хэрхэн оршин тогтнож буйгаар хэмждэг жамтай.
Уурхай дагасан сууринуудын хамгийн том эрсдэл бол эдийн засгийн нэг тулгуурт бүтэц. Орон нутагт үлдэж буй өгөөж, ажлын байр, бизнесийн үйл ажиллагаа гээд бүгд ганц уурхайгаас хамааралтай тохиолдолд зах зээлийн савлагаанд өртөх магадлал өндөр. Манай улсын хувьд нэгэнт хөгжлийн гарааraa эхлүүлсэн, шинээр төлөвлөж буй уурхайн суурьшлын бүсүүд дэлхийн сайн жишгийг дагаж, урт хугацаанд тогтвортой хөгжлийг бүрдүүлэх нь иргэдийн амьжиргаа, байгаль орчин, улс орны эдийн засагт шууд болон дам нөлөөгөө үзүүлэх цаг ойрхон байна.