
О.Дөлгөөн
Mанай улсын нүүрсний экспорт сүүлийн жилүүдэд түүхэн дээд хэмжээндээ хүрч, ДНБ-ий өсөлтийг голлон тодорхойлж байгаа ч энэ нь БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл, коксжих нүүрсний хэрэглээнээс бүрэн хамааралтай, эрсдэл өндөртэй бүтэц юм. БНХАУ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах "Хос зорилт” (Dual Car- bon Goals)-ынхоо хүрээнд ногоон эрчим хүчний шилжилтийг дэлхийд хамгийн эрчимтэй өрнүүлж байна. Иймд тус улс урт хугацаандаа нүүрсний импорт, хэрэглээгээ үе шаттай хумих нь цаг хугацааны асуудал болоод байна. Тиймээс салбарын ирэх жилүүдийн өсөлтийн гол хөдөлгүүр нь нүүрс биш, харин зэс болон стратегийн чухал ашигт малтмал байх нь тодорхой болов.
Олон улсын эрчим хүчний агентлагийн (ІЕА) тооцооллоор, дэлхий нийт 2050 он гэхэд нүүрстөрөгчийн дүнгээр тэг (Net-zero) түвшинд хүргэхийн ялгарлыг цэвэр тулд зэсийн жилийн хэрэглээг өнөөгийнхөөс даруй 2 дахин нэмэгдүүлж, 50 сая тоннд хүргэх шаардлагатай байна. Цахилгаан автомашины үйлдвэрлэлд одоогийнхоос 4 дахин их буюу дунджаар 83 кг зэс зарцуулагдах бол сэргээгдэх эрчим хүчний станцууд уламжлалт дулааны станцаас 5-12 дахин их зэсийн хэрэгцээ нэмж шаардагдахаар байна. Үүн дээр сүүлийн жилүүдэд тэсрэлт хийж буй дата төвүүдийн эрчим хүчний дэд бүтцийн хэрэгцээг нэмбэл, зэсийн хомсдол олон улсын зах зээлд аль хэдийн нүүрлээд байна. Түүхий эдийн шинжээчдийн таамаглаж байгаагаар 2030 он гэхэд дэлхий даяар жилд 4.7 сая тонн зэсийн нийлүүлэлтийн дутагдал үүсэхээр байгаа бөгөөд энэ нь зэсийн үнийг урт хугацаандаа тонн тутамд нь 12,000-15,000 ам.доллароос буулгахгүй барих суурь шалтгаан болж байна.
Иймд Монголын эдийн засгийг ирэх 20- 30 жилд авч явах, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах стратегийн тулгуур багана нь зэсийн мега төслүүд байх болно.
ӨНДӨР ХҮЛЭЭЛТТЭЙ ЦАГААНСУВАРГЫН ОРД

"Монголын Алт" ХХК-ийн (МАК) хэрэгжүүлж буй стратегийн том төслүүдийн нэг бол Дорноговь аймгийн Мандах суманд орших Цагаансуваргын зэс-молибдений орд юм. Олон жилийн турш хүлээлт дагуулсан энэхүү төслийн хүрээнд уурхай, баяжуулах үйлдвэр болон холбогдох дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар хүдрийн ил уурхай болон уулын баяжуулах үйлдвэрийн суурь дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж, төслийн талбайд хэдэн зуун ажилтан ажиллаж байна. Батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэлээр (ТЭЗҮ) Цагаансуваргын төсөл жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, ойролцоогоор 310-320 мянган тонн зэсийн баяжмал, 4,000-5,000 тонн молибдений баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь Эрдэнэт, Оюутолгойн араас орох Монголын 3 дахь том зэсийн үйлдвэрлэл болох үзүүлэлт юм.
Түүх сөхвөл, МАК компани 1999 онд Цагаансуваргын ордын хайгуулын тусгай авч, дараагийн жилүүдэд зөвшөөрлөө улсын гүйцээх хайгуулын ажлыг олон JORC стандартын дагуу хэрэгжүүлсэн байдаг. Улмаар 2009 онд ордын нөөцийг Монгол Улсын ашигт малтмалын нөөцөд бүртгүүлжээ. Цагаан суваргыг 2007 онд Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтад хамруулсан бөгөөд 2014 онд УИХ-ын шийдвэрийн дагуу Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаар төслийн эрх зүйн орчин бүрдсэн түүхтэй.
Төсөл бүрэн ашиглалтад орсноор 1,300 орчим шууд байнгын ажлын байр бий болж, нийлүүлэлт, үйлчилгээний дагалдах салбарт 5,000-7,500 шууд бус ажлын байр шинээр үүсэхээр тооцоолжээ. Түүнчлэн улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 150 сая ам.долларын татвар, хураамжийн орлого төвлөрүүлж, уул уурхайн экспортын орлогыг үлэмж нэмэгдүүлэх өндөр хүлээлттэй байна.
ХАМГИЙН БАГА ӨРТӨГТЭЙ ТӨСЛҮҮДИЙН НЭГ “ХАРМАГТАЙ”

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас холгүй орших Хармагтайн зэс-алтны орд нь олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж буй дараагийн мега төсөл юм. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Занаду Майнз” (Xanadu Mines) болон Хятадын төрийн өмчит “Зижин Майнинг" (Zijin Mining) группийн түншлэл дор энэхүү төслийн хайгуул, судалгааны ажил амжилттай урагшилж байна. Тухайлбал, “Зижин Майнинг” групп зөвхөн хайгуул, ТЭЗҮ болон урьдчилсан шатны ажлуудад зориулж 35 сая ам.долларын санхүүжилтийг хийгээд байна.
Урьдчилсан ТЭЗҮ-ийн үр дүнгээр Хармагтайн орд нь дэлхийд танигдсан өртөг бага, урт хугацааны мега төсөл болох нь батлагдсан юм.
Төслийн үндсэн үзүүлэлтүүдээс үзвэл, уурхайн насжилт багадаа 29 жил үргэлжлэх бөгөөд өргөтгөлийн үе шатуудад жилд дунджаар 60,000-80,000 тонн зэс, 165,000-170,000 унц алт үйлдвэрлэхээр тусгагджээ. Хамгийн гол нь алтны дагалдах өгөөжийг хасаж тооцсоноор, эхний 8 жилд зэсийн цэвэр үйлдвэрлэлийн өртөг нэг фунт тутамд ердөө 70 цент байх бөгөөд энэ нь Хармагтайг дэлхийн хамгийн бага өртөгтэй зэсийн уурхайнуудын эгнээнд оруулж байгаа юм. Төслийн анхны бүтээн байгуулалтад нийт 890 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд төслийн өнөөгийн үнэлгээ 930 сая ам.доллар аж. Стратегийн ач холбогдлын хувьд Хармагтай нь зөвхөн нэг уурхайн төсөл бус, манай улсын зэсийн салбарын ирээдүйн өсөлтийн шинэ тулгуур гэж хэлж болно.
ГАЦААГ ТАЙЛАХ ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж буй энэ үед дэд бүтцийн ажлууд нь хийгдсэн, ТЭЗҮ нь бэлэн Цагаансуварга, Хармагтай болон зэсийн бусад 20 орчим дундаж төсөл яагаад өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ эхлүүлж чадахгүй байна вэ?
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүний гол зангилааг АМНАТ буюу зэсийн салбар дахь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн өнөөгийн эрх зүйн гажуудалтай шууд холбон тайлбарлаж байна. Тэрээр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж ,танилцуулахдаа Монгол Улсын өсөн нэмэгдэх АМНАТ-ийн шатлал хэт өндөр, уян хатан бус байгаа нь шинэ мега төслүүдийн эдийн засгийн үр ашгийг унагаж, хөрөнгө оруулалтыг урьдчилсан шатанд нь саатуулах гол шалтгаан болж буйг хатуу анхааруулсан юм.
Сайдын байр суурь, өнөөгийн мөрдөгдөж буй хуулиар зэсийн үнэ олон улсын бирж дээр өсөх тусам үндсэн 5%-ийн АМНАТ дээр үнийн өсөлтөөс хамаарсан дэвшилтэт шатлал (өсөн нэмэгдэх) нэмэгдэж, нийт төлбөрийн хэмжээ борлуулалтын орлогын 15-20%-д хүрдэг. Уул уурхайн санхүүжилтийн хамгийн том тээг болоод буй АМНАТ нь цэвэр ашгаас бус, орлогоос шууд суутгагддаг татвар юм. Өөрөөр хэлбэл, уурхай ашигтай ажиллах уу, алдагдалтай байх уу гэдгээс үл хамааран түүхий эдийн үнэ өндөр үед орлогынхоо 1/5-ийг зөвхөн АМНАТ-д тушаах хүнд нөхцөл үүсдэг байна.
Тиймээс салбарын яамнаас зэсийн салбар дахь АМНАТ-ийн суурь хувь болон өсөн нэмэгдэх шатлалыг олон улсын жишигт нийцүүлэн уян хатан болгох, ингэснээр гацсан 20 гаруй төслийг нэгэн зэрэг хөдөлгөж, Үндэсний баялгийн санг нэг удаагийн өндөр татвараар биш, тогтвортой урт хугацааны экспортын орлогоор дэмжих алсын хараатай бодлогыг урагшлуулж байна.
АМНАТ-ИЙГ БУУРУУЛСАН Ч ТӨСЛҮҮД ШУУД ХӨДЛӨХ ҮҮ
Салбарынхан болон хууль тогтоогчид энэхүү асуултад эсрэг, тэсрэг байр сууринаас хандаж байна.
Нэг талаас, АМНАТ-ийн суурь хувийг олон улсын жишигт нийцүүлэн уян хатан болгож, өсөн нэмэгдэх шатлалын дарамтыг бууруулж чадвал зэсийн 20 гаруй төсөл санхүүжилтийн гацаанаас гарч, бүтээн байгуулалтын ажил нь шууд эрчимжихэд бэлэн байна. Төр цаасан дээр өндөр татвар тогтоож, уурхайнуудаа хөдөлгөөнгүй байлгаж хоосон сууснаас, хувь хэмжээгээ оновчтой түвшинд хүртэл бууруулаад үйлдвэрүүдээ ажиллуулах нь хавьгүй ашигтай гэж тэд үзэж буй. Ингэснээр шинээр бий болох ажлын байр, дотоодын нийлүүлэлтийн сүлжээ болон орлогын албан татвар, НӨАТ-аар дамжин эдийн засагт орох шууд бус үр өгөөж нь хэд дахин илүү хэмнэлт, өсөлтийг авчирна. ханган
Гэвч парламент дотор болон эдийн засагчдын дунд үүнийг эрс эсэргүүцэх байр суурь ч цөөнгүй. Тэдний үзэж байгаагаар, зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр түүхэн дээд цэгтээ хүрч, супер мөчлөг үргэлжилж байхад татвараа бууруулна гэдэг нь Монгол Улс хүртэх ёстой баялгийн ашгаасаа сайн дураараа татгалзаж, стратегийн нөөцөө гадныханд хэт хямд ашиглах боломж олгож буй хэрэг юм.
Түүнчлэн, эдгээр мега төслүүд гацаж байгаа нь зөвхөн АМНАТ-аас биш, Монголын дэд бүтцийн суурь асуудлуудтай шууд холбоотой. Тухайлбал, Өмнийн говьд тулгарч буй эрчим хүчний хомсдол, үйлдвэрлэлийн зориулалттай усны нөөцийн хязгаарлагдмал байдал, тээвэр логистикийн гацаа болон төрийн бодлогын тогтворгүй байдал нь татвараас дутахгүй том эрсдэл юм. Зөвхөн тарифаа бууруулаад, дэд бүтцийн эдгээр тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэж чадахгүй бол төслүүд хүлээлтийн горимоос гарч чадахгүй, хэвээр үлдэж ч магад.
Монгол Улс уул уурхайн салбарынхаа хөгжлийн салаа замын уулзвар дээр ирээд байна. Нүүрсний экспортын өнөөгийн түүхэн өсөлт бидэнд бүтцийн өөрчлөлт хийх, дараагийн шилжилтэд бэлдэх санхүүгийн болон цаг хугацааны богинохон боломжийг олгож буй хэрэг. Энэхүү алтан боломжийг ашиглан зэс болон стратегийн ашигт малтмалын төслүүдээ хөдөлгөж чадахгүй бол ирэх арван жилд Монголын эдийн засаг дэлхийн ногоон шилжилтийн гадна хоцрох эрсдэлтэй.
Уул уурхайн салбарт одоо мөрдөж байгаа борлуулалтын орлогоос тооцдог татварын өндөр хувиар богино хугацааны үр ашгийг илүүд үзэх үү, эсвэл татварын уян хатан нөхцөлөөр урт хугацааны хөрөнгө оруулалтыг татах уу гэдэг нь тун удахгүй УИХ-аар хэлэлцэгдэх Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хувь заяанаас харах үлдлээ.