Хэдэн жилийн турш өндөр өсөлт үзүүлсэн Оросын ДНБ 2026 оны эхний улиралд 0.3%-иар агшлаа. Энэ бол хэвийн үйл явц гэж Эдийн засгийн бодлого хариуцсан Шадар сайд Александр Новак хэлжээ. Өндөр өсөлтийн дараа эдийн засаг буурч, бүтцийн өөрчлөлт ажиглагдах нь эдийн засгийн мөчлөг үргэлжилж буй хэвийн үзэгдэл. Оросын эдийн засагт тулгарч буй гол бэрхшээлүүд, тулгарч буй боломжуудыг хэрхэн ашиглаж байгаа болон Засгийн газар эдийн засгийн өсөлтөө эрчимжүүлэхийн тулд бодлогын ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж буй талаар Шадар сайд А. Новак "Ведомости" сонинд (2026.05.12) дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

ОХУ-ын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, банк санхүүгийн эрсдлүүдийг даван туулж байгаа стратеги төлөвлөлтийн талаар түүний өгсөн ярилцлагыг товчлон нийтэлж байна.
Ч.Сансар
Сүүлийн 3 жилийн хугацаанд Оросын эдийн засаг бодитоор 10 гаруй хувиар өссөн. Энэ нь жилийн дунджаар 3.3%-ийн өсөлт бөгөөд дэлхийн дундаж болон 2017-2019 оныхоос өндөр үзүүлэлт юм. Худалдан авах чадварын хувьд Орос улс дэлхийн 4 дэх том эдийн засаг хэвээр байна.
Барууны орнуудын тавьсан хориг арга хэмжээнээс үл хамааран Оросын эдийн засаг ийнхүү тогтвортой өссөн. Өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл бол дотоодын эрэлт болон импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэх бодлого байсан. 2022 оноос хойш боловсруулах үйлдвэрийн салбар бараг 23%-иар өссөн байна. Компьютерийн тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн бүтээгдэхүүн, цахилгаан тоног төхөөрөмж, металл бүтээгдэхүүний үйлдвэрлэл мэдэгдэхүйц нэмэгдсэн.
Батлан хамгаалах салбарын өсөлт нь хөдөлмөрийн зах зээлд маш их нөлөөлж байна. Ажилгүйдэл түүхэн доод хэмжээнд буюу 2.2% хүртэл буурч, цалин орлого өсөж, шинэ үйлдвэрлэл, дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Түүний дотор үйлдвэрлэлийг автоматжуулах үйл явц эрчимжсэн байна.
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хөрөнгө оруулалт, хуримтлагдсан нөөц хөрөнгө, Үндэсний баялгийн сан эдийн засагт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүллээ.
Үүний үр дүнд хүн амын бодит орлого 3 жилийн хугацаанд 26.1%-иар, бодит цалин 23.9%-иар өсч, ядуурлын түвшин түүхэн доод хэмжээнд буюу 6.7% хүртэл буурсан.
Оросын эдийн засагт тулгарч буй гол сорилтуудын нэг нь хүний нөөцийн хомсдол. Ажилгүйдлийн түвшин түүхэн доод цэгтээ хүрээд байгаа бөгөөд хэд хэдэн салбарт ажиллах хүчний хомсдол мэдрэгдэж эхэлсэн. Цалингийн өсөлт нь хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг давж байгаа нь эдийн засагт тэнцвэргүй байдлыг үүсгэж байна.
Улсын төсвийн зарлагын бүтцэд өөрчлөлт орж байгаа нь бас нэг тулгамдсан асуудал болж байна. Сүүлийн жилүүдэд боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, технологийн хөгжил, батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг салбаруудын санхүүжилт мэдэгдэхүйц өссөн.
Түүнчлэн барууны орнуудын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ, худалдааны хязгаарлалт нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдахад хүргэж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн үр ашгийг бууруулж, бизнесийн зардлыг тодорхой хэмжээгээр өсгөж байгаа нь илт мэдрэгдэж эхэллээ.
Ийм нөхцөлд инфляцийг хязгаарлах нь хамгийн чухал алхам юм. Үүний тулд Засгийн газар болон Оросын Төв банк эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах, төсвийн болон мөнгөний бодлогыг уялдуулан хэрэгжүүлж байна.
Засгийн газар бараа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг дэмжих, технологийн хараат бус байдлыг бэхжүүлэх замаар эрэлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Ялангуяа импортоос ихээхэн хамааралтай байдаг машин техник хэрэгслийн үйлдвэрлэл, химийн үйлдвэр, тээвэр, эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, радиоэлектроник, нисэх болон усан онгоц, автомашины үйлдвэрлэлд Засгийн газар гол анхаарлаа хандуулж байна. Эдгээр нь хөрөнгө оруулалт, нарийн тоног төхөөрөмж, өндөр технологи шаарддаг салбарууд бөгөөд хориг арга хэмжээ авахаас өмнө импортын эзлэх хувь 60-70%-д хүрч байжээ.
Манай улсын хувьд хөрөнгө оруулалт нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гол хүчин зүйл хэвээр байна. Хөрөнгө оруулалт 2021-2024 онуудад бараг 38%-иар өссөн бол эрчимтэй өсөлтийн дараа 2025 онд хөрөнгө оруулалт 2.3%-иар буурсан.
САНХҮҮЖИЛТИЙН БҮТЭЦ ААЖМААР ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА
Засгийн газрын бондын эзлэх хувь 2021 онд 20% байсан бол 2025 онд 24% болж өссөн. Хувьцааны зах зээл удааширч байгаа тул бид санхүүгийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, илүү олон санхүүгийн бүтээгдэхүүн бий болгож, урт хугацааны хадгаламжийг татах шаардлагатай байна.
2026 онд хөрөнгө оруулалт инерциэр буурах төлөвтэй байна.
Харин эдийн засгийн тэнцвэрт байдал сэргэн, инфляц буурч, санхүү мөнгөний зөөлөн бодлого хэрэгжиж эхэлмэгц 2027 оноос өсөлт дахин сэргэнэ хэмээн таамаглаж байна.
Хөрөнгө оруулалтыг тогтвортой өсгөхөд бүтцийн томоохон өөрчлөлт хийх нь илүү чухал. Жишээ нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, бизнесийн зардлыг бууруулах, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ІРО гаргахыг дэмжих, төрийн өмчит Томоохон компаниудын хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдэд илүү анхаарал хандуулах зэрэг арга хэмжээг нэрлэж болно.
Энэ онд иргэдийн бодит орлого 1.6%-иар өсөх тооцоо гарсан. Эдийн засаг сэргэх тусам өсөлт 2027-2029 онд хурдасна. Ажиллах хүчний хомсдолоос үүдэн ажилгүйдэл маш бага буюу 2.3-2.4% орчим хэвээр байх болно.
Хөдөлмөр эрхлэлтийн гол өсөлт нь залуучууд болон тэтгэвэрийн насны иргэдтэй холбоотой байна. Ийм нөхцөлд хөдөлмөрийн зах зээл уян хатан байж, ажилчдыг бусад олон салбар руу чөлөөтэй шилжих, шаардлагатай үед ажлын байрны тоог нэмэгдүүлэх шаардлагатай.
2029 ΟΗ ΧΥҮРТЭЛ ӨРХИЙН ХЭРЭГЛЭЭ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨДӨЛГӨГЧ ГОЛ ХҮЧ ХЭВЭЭР БАЙНА
Иргэд ихэнх орлогоо банкинд хадгалж байна. Хадгаламжийн хэмжээ 16.6%-д хүрлээ. Энэ нь нэг талаас инфляцыг тогтоон барихад нөлөөлсөн ч нөгөө талаас эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж байна.
Эрэлт цаашид буурна, гэхдээ урт хугацаанд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэрэглээний өсөлт 2025 онд 4% байсан бол 2026 онд 1.2% болж буурах төлөвтэй ч үүний дараа жил бүр аажмаар нэмэгдэж, ойролцоогоор 3%-д хүрэх аж.
Иргэдийн орлого өсөж, зээлийн хүү буурснаар эрэлт нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Иргэд банкин дахь мөнгөн хадгаламжаа хуримтлуулахаас илүү өөрсдийн хэрэгцээнд зарцуулж эхэлснээр хэрэглээ идэвхжинэ. Ерөнхийдөө 2026-2029 онд өрхийн хэрэглээ нь эдийн засгийн хөдөлгөгч гол хүч хэвээр байна.
Хэрэглээний чиг хандлага ч мөн харьцангуй өөрчлөгдөж байна. Тухайлбал, цахим худалдаа 2020 оноос хойш хурдацтай хөгжсөн бол 2022-2024 онуудад онлайн худалдааны платформ буюу маркетплэйсийн зах зээл 2.5 дахин өссөн.
Эдгээр платформууд нь жижиг бизнес эрхлэгчдэд том зах зээлд нэвтрэх боломж олгодог. Мэдээж зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хэрэглэгчдийг хамгаалахын тулд зохицуулалт хийх шаардлагатай байгаа.
Засгийн газар болон Төв банкны уялдаа холбоотой бодлогын үр дүнд инфляц буурсан. Жишээ нь 2024 онд 9.5% байсан инфляц 2025 онд 5.6% болж буурсан байна. Цаашид инфляц улам бүр буурах төлөв ажиглагдаж байна. Энэ онд 5.2% орчим байх бөгөөд 2027 онд зорилтот түвшин буюу 4%-д дөхөж очно.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСӨХ НЬ РУБЛИЙН ХАНШИЙГ ЧАНГАРУУЛЖ БАЙНА
Ойрх Дорнодын мөргөлдөөн нь дэлхийн газрын тос, байгалийн хийн зах зээл болон нийлүүлэлтийн сүлжээнд богино болон урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлж байна.
Түүхий нефть, хийн үнэ өссөн нь бордоо, нэхмэл эдлэл болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ ханшид аль хэдийн нөлөөлж эхэлсэн. Энэ нь цаашид хүнс болон түүхий эдийн үнэ улам нэмэгдэх эрсдэл үүсгэж байна. Үнийн өсөлт Орос улсын экспортын орлогыг түр хугацаанд нэмэгдүүлж байгаа ч энэхүү өсөлт нь цаашид тогтвортой үргэлжлэх боломжгүй.
Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар, уг мөргөлдөөн нь 2026-2027 онуудад дэлхийн ДНБ-ий өсөлтийг 0.3-0.5%-иар бууруулж болзошгүй аж. Хэрэв мөргөлдөөн даамжирвал дэлхийн эдийн засаг үүнээс ч илүү хохирч болзошгүй. Ялангуяа газрын тосны импортоос хараат Зүүн Өмнөд Азийн орнуудад энэхүү хямрал илүү хүчтэй тусна. Дунд хугацаанд энэ байдал нь дэлхийн нийт эрэлтийг сулруулж, улмаар нефть, байгалийн хийн үнэ улам буурах эрсдэл үүснэ.
Газрын тосны экспортын үнэ 2026 онд баррель нь 59 ам.доллар орчим, харин 2027-2029 онуудад ойролцоогоор 50 ам.доллар хүртэл буурна гэж тооцоолж байна.
Үнэ өсөх нь Орос улсын худалдаа, санхүүгийн байдлыг сайжруулж, рублийн ханшийг чангаруулж байна.
Төсвийн тогтвортой байдал нь мөнгөний бодлогыг аажмаар зөөлрүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.
Оросын эдийн засаг COVID-19 цар тахал болон 2022 оны хориг арга хэмжээ зэрэг хэд хэдэн томоохон сорилтыг даван туулж чадсан. Гэвч гадаад болон дотоод эрсдэлүүд хэвээрээ үлдсэн.
Ерөнхийдөө Оросын эдийн засаг тогтвортой байгаа бөгөөд шинэ нөхцөлд дасан зохицох чадвараа хадгалж байна. Энэ нь бидэнд тогтвортой хөгжлийг хангах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх боломж олгож байгаа билээ.