
Ч.Сансар
Өнгөрсөн онд АНУ-ын ураны салбарын гол үзүүлэлтүүд сүүлийн бараг 10 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ салбар дахин сэргэж эхэлснийг харууллаа.
Өнгөрсөн онд АНУ-д 2.1 сая фунт ураны исэл (U₃O₈) үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос гурав дахин буюу 223%-иар өссөн гэж Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн тайландаа дурджээ. Үүнтэй ойролцоо хэмжээний уран хамгийн сүүлд 2016 онд олборлогдсон бөгөөд тухайн үед АНУ-д нийт 2.5 сая фунт уран олборлож байжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд спот зах зээл дээр ураны үнэ өссөн, төрөөс цөмийн эрчим хүч болон уран олборлолтыг дэмжих болсон, мөн дата төвүүдийн эрчим хүчний хэрэгцээ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс АНУ-ын ураны салбарын өсөлтөд хүчтэй нөлөөлжээ.
2025 онд АНУ-д ажиллаж байсан есөн ураны уурхайн долоо нь газар доор уусган олборлох (ISR) технологи ашиглаж байжээ.
Тайланд дурдсанаар, өнгөрсөн онд ураны хайгуулын өрөмдлөг эрчимжиж, нийт өрөмдсөн урт ойролцоогоор 66%-иар өсөж, 1 сая футаас давжээ. Нийт 1,824 цооног өрөмдсөн нь 2024 оныхоос 500-аар илүү байсан. Ордын хэмжээг нарийвчлан тогтоох, нөөцийг нэмэгдүүлэх, олборлолтын бэлтгэл хангах зориулалттай бэлтгэлийн өрөмдлөгийн нийт урт 3%-иар өсөж, 1.3 сая фут хүрчээ. Харин өрөмдсөн цооногийн тоо 50%-иар нэмэгдэж, 3,708 болсон байна.
Ингэснээр 2025 онд хийсэн өрөмдлөгийн нийт хэмжээ 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.
Үүний зэрэгцээ өнгөрсөн онд АНУ-ын ураны салбар дахь нийт хөрөнгө оруулалт эрс өсөж, 2014 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. 2025 онд хайгуул, өрөмдлөг, олборлолт, уурхайн нөхөн сэргээлт зэрэг ажлын нийт зардал 2024 онтой харьцуулахад 47%-иар өсөж, 234.7 сая ам.доллар болжээ.
АНУ-ын уран олборлолтын салбарт бүтэн цагтай дүйцэхүйц ажлын байрны тоо 2025 онд 711 хүрч, өмнөх оныхоос 40%-иар өсжээ. Энэ нь 2014 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Харин олборлолтын хүчин чадал 5%-иар буурч 13.3 сая фунт болжээ. Зах зээлийн нөхцөл байдал сайжирвал ашиглалтад оруулах боломжтой нөөц хүчин чадал энэ салбарт хангалттай хэвээр байгаа гэж Эрчим хүчний мэдээллийн алба (EIA) үзэж байна.
Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар ISR технологи ашигладаг таван үйлдвэр бэлэн байдалд байсан бөгөөд эрэлт, үнэ ханш нэмэгдвэл олборлолтоо сэргээх боломжтой юм байна.
Энэ жил АНУ-ын ураны салбарт хэд хэдэн чухал үйл явдал болсон. Тухайлбал, өнгөрсөн сард enCore компани Өмнөд Дакота муж дахь Dewey Burdock талбайд уран олборлох зөвшөөрлийг холбогдох байгуулагуудаас авсан. Мөн Ur-Energy компани дөрөвдүгээр сард Shirley Basin ураны уурхайг 1992 оноос хойш анх удаа ажиллуулжээ.
Мөн зургаадугаар сард АНУ-ын Эрчим хүчний яам том оврын 10 цөмийн реактор барих ажлыг эрчимжүүлэхийн тулд 17.5 тэрбум ам.долларын зээл олгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн.
Эх сурвалж: mining.com