О.Дөлгөөн
Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Silver Elephant Mining” (Silver Elephant Mining Corp.) компани Монгол улс дахь өөрийн эзэмшлийн Улаан Овоогийн нүүрсний уурхайг Монголын уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанид түрээслүүлэх гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа.
Талуудын үзэглэсэн гэрээний дагуу түрээслэгч тал уурхайн үйл ажиллагааг бүрэн хариуцан ажиллах бөгөөд олборлосон нүүрсний тонн тутамд эхний хоёр жилд 2 ам.доллар, 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 3 ам.долларын роялти төлбөрийг “Silver Elephant Mining” компанид төлөх бөгөөд урьдчилгаа хэлбэрээр 300,000 ам.долларыг бэлнээр байршуулаад байна.
Түрээслэгч компани нь Улаан Овоогийн хүхрийн агууламж багатай эрчим хүчний нүүрсийг өөрийн эзэмшлийн өндөр чанартай коксжих нүүрстэй холих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөжээ. Уг холимог нүүрсийг БНХАУ-ын гангийн үйлдвэрүүд, Монголын цемент, металлурги, баяжуулах болон хайлуулах үйлдвэрүүд, дотоодын дулаан, цахилгаан станцуудад нийлүүлэхээр зорилт тавьсан байна.
Түрээслэгч талын дотоод таамаглалаар Улаан Овоо уурхайгаас жилд 300,000-аас 1,000,000 тонн нүүрс олборлох бөгөөд уул уурхайн үйл ажиллагааны бүх зардал, техник хэрэгсэл, ажиллах хүчний хангамж болон улсад төлөх татвар, АМНАТ-ийг түрээслэгч тал бүрэн хариуцна.
Харин тус компани уурхайн тээвэрлэлт, жингийн баталгаажуулалтад бүтэн хяналт тавьж ажиллах юм. Уг түрээсийн гэрээ 2031 оны 12-р сарын 31-нийг хүртэл хүчинтэй бөгөөд цаашид сунгах боломжтой.
Эх сурвалж: Mining.com