Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

АҮЭБЯ: ОХУ шатахууны экспортоо хориглосон ч дотоодод хомсдол үүсэхгүй, наадмын дараа үнийг хэлэлцэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дизель түлш, шатахууны экспортондоо хориг тавих шийдвэр гаргасан нь дэлхий дахинд эрчим хүчний хямралын айдсыг дахин төрүүлж, улс орнуудыг сандаргаж эхэллээ. Тэгвэл манай улсын хувьд шатахууны хомсдол үүсэх бодит эрсдэл байхгүй бөгөөд нөөц хангалттай байгааг албаныхан мэдэгдэв.

Энэхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр (2026.07.06) Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны (АҮЭБЯ) Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл хийлээ.

Шатахууны нөөц хангалттай, хомсдол үүсэх нөхцөл байдал байхгүй

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн мэдээлснээр, АИ-92 шатахуун: 71,552 тонн буюу ердийн хэрэглээний 33 хоногийн нөөцтэй, АИ-95 шатахуун: 3,965 тонн буюу хэрэглээний 44 хоногийн нөөцтэй, Дизель түлш: 106,683 гаруй тонн буюу 27 хоногийн хэрэглээний нөөцтэй байна.

Хэдийгээр ОХУ-аас экспортын хязгаарлалт хийх тухай тушаал шийдвэр гарсан ч Монгол Улсын хувьд хэрэглээний хомсдол үүсэх, очер дараалал үүсэх ямар нэгэн нөхцөл байдал одоогоор байхгүйг тэрбээр онцлов. Манай улс ОХУ-тай тогтмол нийлүүлэлт хийх урт хугацааны гэрээтэй бөгөөд хойд хөршийн зүгээс манайд нийлүүлэх бүрэн эрхийг хасах буюу нийлүүлэлтийг зогсоох ямар нэгэн алхам хийгээгүй байна.

Наадмын дараа шатахууны үнийн асуудлыг хэлэлцэнэ

Гэрээний нөхцөлөөр дэлхийн зах зээл дээрх үнэ 30-аас дээш хувиар нэмэгдсэн тохиолдолд дотоодын үнэд өөрчлөлт орох зохицуулалттай бөгөөд ирэх 4 сарын туршид үнийн хэлбэлзэл тогтвортой байх төлөвтэй байна.

Түүнчлэн, ирэх наадмын дараа буюу 7 дугаар сарын 20-ны орчимд Шатахууны үнийн зөвлөл хуралдахаар товложээ. Тус хурлаар зарим төрлийн бүтээгдэхүүний үнийг бууруулах болон зохицуулалт хийх асуудлуудыг голчлон хэлэлцэх юм байна. Мөн Засгийн газрын түвшинд БНХАУ-аас түлш татах төрийн хэлэлцээрүүд хийгдэж, эхнээсээ үр дүнтэй явж байгааг дуулгав.

Аялал жуулчлалын улиралд хөдөө орон нутгийн ШТС-уудыг тасралтгүй хангана

Наадам болон зуны амралт, аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын шатахууны хэрэглээ харьцангуй буурч, орон нутгийг чиглэсэн урсгал нэмэгддэг. Иймд яамны зүгээс импортлогч компаниудад бизнесийн зарчмаар ажиллаж, хөдөө орон нутгийн, тэр дундаа аялал жуулчлал өндөр хөгжсөн аймгуудын ШТС-уудыг бүтээгдэхүүнээр тасралтгүй, шуурхай хангах үүрэг чиглэлийг өгчээ.

Шатахуун хадгалах савны багтаамжийг 150 мянган м³-ээр нэмэгдүүлнэ

Засгийн газраас шатахууны хараат байдлыг бууруулах, нөөцийг зузаатгах зорилгоор савны багтаамжийг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ жил төсөл хэрэгжүүлэгч компаниуд нийт 291 мянган м³ багтаамжтай савны ажлыг эхлүүлснээс, энэ ондоо багтаж 150 мянган м³ агуулах савыг ашиглалтад оруулахаар зорьж байна. Ирэх 8 дугаар сарын 1-нээс зарим шинэ агуулах, савны ашиглалтын нээлт хийгдэх бөгөөд ингэснээр ирэх сараас эхлэн манай улсын шатахуун хадгалах, нөөцлөх чадамж нэмэгдэх сайн мэдээтэй байна.

Сэтгэгдэл (1)

  • Худал бүү ярь (202.9.40.243)
    Шаагаад л байгаарай! Өнөө өглөө өлөн Петровис чинь ямар ч бензингүй гээд хамаг орц гарцаа хаацан байсан шүү. Зуд болохоор нохой зоолно гэж үнэн өлөн дуракууд шүү
    2026 оны 07 сарын 06 | Хариулах