
О.Дөлгөөн
Бүгд Найрамдах Солонгос Улсын (БНСУ) Ерөнхийлөгч Ли Жэ Мён ирэх 7 дугаар сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.
Тэрээр Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа манай улсад хүрэлцэн ирэх аж.
БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сон Лак хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Өмнөд Солонгос улс Монголыг чухал ашигт малтмалын арвин нөөцтэй гэдэг утгаар нь стратегийн гол түншээ гэж харж байгаа" хэмээн мэдэгдсэн байна.
Тодруулбал, Солонгос улс өндөр технологи, хагас дамжуулагч болон цахилгаан автомашины батарейны үйлдвэрлэлдээ шаардлагатай түүхий эдийн нийлүүлэлтийн сувгаа төрөлжүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэ хүрээнд Монголын лити, никель, кобальт болон газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа юм байна.
Айлчлалын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэл гаргахаас гадна уул уурхай, эрдэс баялгийн салбарын нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах чиглэлээр хэд хэдэн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Салбарын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, өмнө нь яригдаж байсан газрын ховор элементийн хамтарсан судалгааны ажлуудыг бодит эдийн засгийн эргэлтэд оруулах, манай уул уурхайн салбарын эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах болон эрдэс бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээл рүү тээвэрлэх ложистикийн гацааг хэрхэн шийдвэрлэх нь тус айлчлалын гол үр дүн байх болно.
Үүнээс гадна Солонгос манай улсыг эрдэс баялгийн түншээс гадна БНАСАУ-тай (Хойд Солонгос) тогтоосон уламжлалт харилцаагаараа дамжуулан Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдалд дипломат дэмжлэг үзүүлж чадах бүс нутгийн чухал тоглогч гэж үзэж байгааг онцолжээ.
Эх сурвалж: Reuters