Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

МАК групп Дундговь аймагт 300МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулна

“Монголын Алт” (МАК) ХХК Дундговь аймгийн Баянжаргалан суманд 300МВт хүчин чадалтай цахилгаан станц байгуулахаар 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр шав тавих ёслол зохион байгууллаа.

Хөөтийн уурхайг түшиглэн байгуулж буй энэхүү цахилгаан станц нь МАК группийн хэрэгжүүлж буй нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний анхны төсөл аж. Тус цахилгаан станцад үйлдвэрлэх нийт эрчим хүчний 38%-иар Цагаан суварга төслийн хэрэгцээг хангаж, 62 орчим хувийг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэн импортын хараат байдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм.

Станц орчин үеийн дэвшилтэт технологитой, байгаль орчинд ээлтэй байна гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцоллоо. Тухайлбал, агаарт ялгаруулах тоосонцор, хорт хийн хэмжээ Европын Холбооны EU 2010/75 шинэ цахилгаан станцын стандартыг хангах юм. Мөн ус зарцуулалт бага, шаталтын явцад үүсэх дэгдэмхий үнсийг дэвшилтэт уутат шүүлтүүрийн системээр 99 хувь шүүн нөөцөлж, “МАК Евро Цемент”, “МАК Конкрит” бетон зуурмагийн үйлдвэрт түүхий эд болгон нийлүүлэх аж.

Станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлж, эхний блокийг нь 2028 оны дөрөв, хоёрдугаар блокийг нь 2029 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 300 МВт-ын хүчин чадалтай уг цахилгаан станц байгуулагдсанаар орон нутагт 300 орчим байнгын ажлын байр бий болох ба МАК компани ажилтнуудынхаа тогтвортой ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Баянжаргалан суманд суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: Эрчим хүчний яам