
Т.Бямбанаран
Цөмийн эрчим хүчний гол түлш болох уран нь дэлхийн бөмбөрцөгт жигд бус тархсан байдаг. Энэхүү баялаг ердөө цөөн хэдэн улсад төвлөрсөн нь геополитик болон эдийн засгийн асар их ач холбогдол, нөлөөллийг дагуулдаг.
Дэлхийн цөмийн холбооны тоо баримтад үндэслэн бэлтгэсэн энэхүү график нь ураны үндсэн нөөц дэлхийн аль бүс нутагт агуулагдаж байгааг харуулсан бөгөөд Монгол Улс ч мөн багтжээ.
Хэрэв та дэлхийн хамгийн их ураны нөөцтэй улсыг хайж байгаа бол эргэлзэх зүйлгүй Австралийг нэрлэж болно. Тус улс 1.68 сая тонн ураны нөөцтэй бөгөөд энэ нь дэлхийн нийт батлагдсан нөөцийн 28 хувийг дангаараа эзэлдэг гэсэн үг юм. Үүний шалтгаан нь юу вэ?
Австралийн ийм арвин их ураны нөөц нь тус тивийн геологийн өвөрмөц тогтоцтой шууд холбоотой. Эх газрын тогтвортой суурь бүс болон эртний чулуулаг тогтцууд нь сая сая жилийн турш ураны хуримтлал үүсэх хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн хүний хөл хүрээгүй уудам газар нутаг нь геологийн нарийвчилсан хайгуул хийх боломжийг олгосноор Олимпик Дэм, Рэнжер, Жабилука зэрэг ураны маш өндөр агуулгатай ордуудыг илрүүлсэн байдаг. Үүнээс гадна, тус улсын байгаль орчны хатуу чанд зохицуулалт болон дотооддоо цөмийн эрчим хүчийг бараг ашигладаггүйтэй холбоотойгоор ураны нөөцийн дийлэнх хэсэг нь хөндөгдөлгүй хэвээр үлдэж, ирээдүйн үйлдвэрлэлийн асар их нөөц болон хадгалагдаж байгаа аж.
Харин Казахстан улс дэлхийн нийт ураны нөөцийн 13 хувийг эзэмшдэг гэдгээрээ хоёрдугаар байрт ордог. Түүнчлэн дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт ашиглагдаж буй нийт ураны бараг тал хувийг дангаараа хангадаг ураны хамгийн том үйлдвэрлэгч орон юм.
Казахстаны ийм арвин их нөөц нь уран тунаж хуримтлагдахад нэн тохиромжтой тунамал чулуулгийн асар том сав газрууд бүхий геологийн тогтоцтой нь холбоотой. Энэхүү тогтоц нь "газар доор уусган олборлох" (in-situ recovery) аргад туйлын тохиромжтой байдаг аж. Геологийн таатай нөхцөлд бүрэлдсэн Чу-Сарысу болон Сырдарьягийн сав газрууд нь Казахстаны уранаар баялаг гол бүс нутгуудад тооцогддог.
Ураны нөөцөөр тэргүүлэгч шилдэг таван улсын жагсаалтыг Канад (10%), Орос (8%), болон Намиби (8%) улсууд бүрдүүлж байна. Эдгээр улс орон нь дэлхийн ураны үйлдвэрлэлд жин дарахын зэрэгцээ цөмийн эрчим хүчний ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэдний ураны асар нөөц баялаг нь дараах өвөрмөц геологийн тогтцуудаас эхтэй. Үүнд:
Африк тив ураны нөөцийн багагүй хувийг эзэмшдэг бөгөөд Намиби, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигер улсууд нийлээд дэлхийн нийт ураны нөөцийн бараг 18 хувийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Узбекистан, Украин болон Монгол улс дэлхийн ураны нөөцийн 2 хувийг тус тус эзэмшин, энэ салбарт шинээр хүч түрэн гарч ирж буй тоглогчид болоод байна.
Эх сурвалж: Дэлхийн цөмийн холбоо, Mining Visuals