
Т.Бямбанаран
АНУ болон Ираны талууд хэдэн өдрийн турш бие биеийнхээ эсрэг хариу цохилт өгсний улмаас Даваа гарагт /2026.06.29/ газрын тосны үнэ өслөө. Энэхүү үйл явдал нь хоёр улсын хооронд байгуулсан түр хугацааны энхийн хэлэлцээр хэврэг байгааг илэрхийлээд зогсохгүй, Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх эрчим хүчний тээвэрлэлтийг дахин саатуулахад хүргэж байна.
Брент маркийн түүхий тосны фьючерс үнэ 0.6 хувиар өсөж, баррель нь 72.44 ам.долларт хүрсэн бол АНУ-ын Баруун Техасын дундаж (WTI) тосны үнэ 1.2 хувиар нэмэгдэж, баррель нь 70.05 ам.доллар болов.
"ING" банкны шинжээчид, "Газрын тосны зах зээлд эрсдэл өндөр хэвээр байна. Гэхдээ арилжаанд оролцогчид тосны нийлүүлэлт сэргэх нь дэлхийн зах зээлийн тэнцвэрт байдалд хэрхэн нөлөөлөхөд илүүтэй анхаарч байх шиг байна. Хэрэв нийлүүлэлт сэргэх нь удаашралтай байвал зах зээлийн энэхүү хэт тайван байдлаас үүдэн нефтийн үнэ огцом өсөх нь тодорхой" хэмээн тэмдэглэжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр АНУ, Израил болон Ираны хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш тус хоолойгоор дамжих түүхий тосны тээвэрлэлт өмнөх долоо хоногт хамгийн дээд хэмжээндээ хүрч өссөн юм. Үүний нөлөөгөөр Брент маркийн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт 10.6 хувиар буурсан нь сүүлийн гурван долоо хоног дараалан унасан үзүүлэлт болоод байв.
Тэгвэл Пүрэв гарагаас эхлэн хоолойгоор дайран өнгөрөх хөлөг онгоцнууд, түүний дотор Катартай холбоотой газрын тосны танкер руу дахин халдлага үйлдэх болсноор хөдөлгөөн эргээд саараад байна. Энэхүү халдлагуудын улмаас АНУ болон Ираны талууд хариу цохилт өгөхөд хүрсэн. Энэ нь хоёр улс түр хугацааны энхийн хэлэлцээр байгуулснаас хойших хамгийн хурцадмал нөхцөл байдлыг үүсгээд байгаа билээ.
Нөгөөтээгүүр, АНУ болон Ираны талууд Персийн булан дахь сүүлийн үеийн мөргөлдөөнөө зогсоож, Ормузын хоолойн маргааныг шийдвэрлэх хэлэлцээгээ эргэн эхлүүлэхээр тохиролцсон нь газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах гол хүчин зүйл болсныг АНУ-ын албаны төлөөлөгч мэдэгдэв.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан "ANZ" банкны шинжээчид, "Зах зээл Персийн булангаас нийлүүлэх газрын тосны хэмжээ богино хугацаанд хурдан сэргэнэ гэсэн өмнөх таамаглалаа эргэн харахад хүрэх бололтой" хэмээн онцолжээ.
Ойрх Дорнодын газрын тос олборлогчид түр хэлэлцээр байгуулахаас урьтаж экспортын хэмжээгээ огцом нэмэгдүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Саудын Арабын эрчим хүчний "Aramco" компани бараг дөрвөн сар орчим зогсоод байсан түүхий тос ачих ажиллагаагаа Баасан гарагт дахин эхлүүллээ. Тус компанийн нефтийн бүтээгдэхүүнээ ачдаг Рас-Таннура терминал нь Ормузын хоолойн баруун талд байрладаг аж.
Ням гарагт тус терминал дээр компанийн эзэмшлийн нисдэг тэрэг осолдож, дотор нь зорчиж явсан Саудын Арабын 14 иргэн бүгд амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарсан ч тос ачих ажиллагаа зогсолтгүй үргэлжилсэн байна. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Эх сурвалж: Ройтерс агентлаг