
"Комацу" брэндийн 100 гаруй жилийн түүхэнд анх удаа дистрибьютер компаниас "Алтан" (Gold) зэрэглэлийн сургагч багш тодорсон нь Монгол инженер байлаа. "Трансвест Монголиа" ХХК-ийн Техникийн Сургалт хариуцсан менежер А.Мөнхбаяр "Комацу Академи JAPAN"-ийн хатуу шалгуурыг давж, дэлхийн 19 дэх, Азийн 6 дахь "Алтан" сертификаттай Komatsu сургагч багш болжээ. Салбарынхаа дижитал шилжилт, технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн, өөрийн чансааг дэлхийд тамгалсан түүнтэй уул уурхайн ирээдүй болон монгол мэргэжилтнүүдийн сэтгэлгээний онцлогийн талаар ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулна уу. Уул уурхайн салбарт, тэр дундаа "Трансвест Монголиа" компани дахь карьерын замналынхаа талаар хуваалцахгүй юу.
Намайг Алтанхүүгийн Мөнхбаяр гэдэг. Миний бие уул уурхайн салбарт 2015 оноос хойш, харин "Трансвест Монголиа" компанийн хамт олонтой 2022 онд нэгдсэн бөгөөд одоо дөрөв дэх жилдээ ажиллаж байна.
Анх тус компанид Техникийн сургагч багшаар ажлын гараагаа эхэлж байсан бол үүний дараа Техникийн сургалтын ахлах ажилтнаар дэвшин ажилласан. Харин одоогийн байдлаар Техникийн Сургалт хариуцсан менежер хэмээх албан тушаалыг хашиж байна.
-"Комацу Академи JAPAN"-ийн энэхүү шалгалтад та 95.3%-ийн өндөр үнэлгээ авч, Алтан (Gold) түвшний сургагч багшийн гэрчилгээг гардан авсан. Энэхүү сертификатын үнэ цэн, цар хүрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
Уг сертификатыг авснаар миний бие Ази тивийн хэмжээнд 6 дахь, дэлхийд 19 дэх Комацугийн Алтан (Gold) түвшний сургагч багш болж байгаа юм. Хамгийн гол онцлог нь, Комацу брэндийн 100 гаруй жилийн түүхэнд анх удаа дистрибьютер компаниас ийм өндөр зэрэглэлийн гэрчилгээг авсан тохиолдол нь Монгол Улс, тэр дундаа "Трансвест Монголиа" компани болон би болж байна.
Үйлдвэрлэгчтэй шууд хамтарч ажилладаг сургалтын төвүүдийн багш нартай харьцуулахад, манайх шиг борлуулалт, засвар үйлчилгээ, сэлбэг ханган нийлүүлэх үндсэн чиг үүрэгтэй дистрибьютер компанийн хувьд үйл ажиллагааны цар хүрээ, эрх мэдлийн хувьд харьцангуй хязгаарлагдмал байдаг. Тиймээс сургалтын төвийн болон дистрибьютер компанийн багш нарыг ижил түвшинд үнэлэхэд бидний гарааны нөхцөл өөр байсан гэсэн үг.
Гэтэл энэ удаагийн шалгалтаар миний үзүүлсэн үр дүнгээс шалтгаалж, Комацу брэнд өөрсдийн үнэлгээний систем болон шалгалтын материалуудаа өөрчлөх, шинэчлэх шаардлагатайг ойлгож, анхааралдаа авсан. Өөрөөр хэлбэл, энэхүү амжилт нь ирээдүйд Монгол төдийгүй бусад орны дистрибьютер компаниудын сургагч багш нарт энэ түвшинд хүрэх, өөрсдийгөө хөгжүүлэх шинэ боломж, үүд хаалгыг нээж өгч байна гэж харж байна.
Мөн энэхүү батламжийн онцлог нь бусад дотоодын болон гадаадын Комацу сургагч нарыг үнэлэх, сургалтын хөтөлбөр боловсруулах, түүнийгээ хэрэгжүүлэх болон гадаадын аль ч оронд очсон Комацу техникийн засварын сургалт орох эрхтэй болж байгаа юм.


-Дэлхийд ердөө 19-хөн хүн хүрсэн гэхээр шалгуур нь маш өндөр байж таарна. Комацу брэндийн зүгээс сургагч багшид яг ямар шалгууруудыг тавьдаг вэ?
Комацугийн Алтан (Gold) түвшний сургагч багшийг шалгаруулахдаа үндсэн 3 чиглэлээр үнэлгээ өгдөг.
Нэгдүгээрт, техникийн ерөнхий мэдлэгийн шалгуур: Комацугийн техникүүдийн худалдааны мэдлэг, засвар үйлчилгээ, оношилгооны онол болон харилцагчтай хэрхэн зөв харилцах (Customer care), Комацу брэндийн үүсэл хөгжлийн бодлого, дотоод соёл гэх мэт цогц мэдлэгийг шалгадаг.
Хоёрдугаарт, практик ур чадварын шалгуур: Бодит техник дээр засвар үйлчилгээ болон оношилгоог хэрхэн хийж байгаа, мөн илрүүлсэн гэмтэл, оношилгооны үр дүнгээ бусдад хэрхэн мэргэжлийн түвшинд тайлагнаж, ижил төстэй техникийн эвдрэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч чадаж буйг үнэлдэг
Гуравдугаарт, заах арга зүйн чадвар: Бусдад сургалт орох, мэдлэг дамжуулах чадварыг шалгадаг. Үүнд багшийн биеийн хэлэмж, сургалтын гол санаагаа суралцагчдад хэрхэн зөв, ойлгомжтойгоор дамжуулж буй арга барилыг нь нарийн үнэлдэг.
-Энэхүү хүнд шалгалтад бэлдэх явцад компанийн зүгээс болон хамт олныхоо зүгээс хэрхэн дэмжлэг авсан бэ?
Би энэхүү шалгалтыг анх 2023 онд Японд очиж өгч байсан юм. Тухайн үед миний гаргасан гол алдаа нь Комацугийн техникүүд дээр ажилласан практик туршлага маань харьцангуй бага байсанд оршиж байв. Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд энэхүү дутагдлаа нөхөхийн тулд маш эрчимтэй бэлдсэн.
Уурхайн бодит нөхцөл байдал дээр очиж, Комацу брэндийн олон төрлийн техникүүд дээр суралцан, практик туршлагаа зузаатгах шаардлага гарсан бөгөөд энэ хугацаанд компани намайг бүх талаар дэмжсэн төдийгүй шалгалтад хэрэгцээтэй ном товхимол, бичиг баримт, компанийн дотоод мэдээллүүдийг бусад нэгж, албадуудаасаа цуглуулахад компаниас бүрэн хангаж, дэмжлэг үзүүлсэн.

Үүний дараа, шалгалт дөхсөн үед буюу 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хоёрдугаар сар хүртэл нэг сар гаруйн хугацаанд намайг компанийн өдөр тутмын үндсэн ажлуудаас бүрэн чөлөөлснөөр би ямар нэгэн зүйлд сааталгүйгээр, зөвхөн шалгалтын бэлтгэлдээ бүрэн төвлөрөх боломжоор хангагдаж чадсан.
-Ойрын хугацаанд яг ямар шинэ технологи, арга барилыг Монголынхоо хөрсөнд буулгахаар төлөвлөж байна вэ?
Комацу брэндийн хувьд олон улсад "Smart Construction" буюу ухаалаг бүтээн байгуулалтын системүүд гэх мэт олон технологийг амжилттай нэвтрүүлээд явж байна. Манай компанийн хувьд өмнө нь зөвхөн уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг голчилж нийлүүлэн, засвар үйлчилгээг нь хангадаг байсан бол одоо барилга, зам гүүрийн техникүүд рүү үйл ажиллагаагаа нэлээн өргөжүүлж байгаа.
Үүнтэй холбоотойгоор барилга, дэд бүтцийн салбарт ашиглагдах техникүүдэд энэхүү "Smart Construction" системийг түлхүү нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уг систем нь барилгын суурь ухаж байгаа тохиолдолд тухайн суурийг хэдэн сантиметрийн гүн өртөгтэй ухах, ажлыг хаанаас нь эхлүүлж, хэзээ дуусгах вэ гэдэг бүх нарийн тооцооллыг автоматаар хийдэг давуу талтай.
-Таны ажигласнаар, салбарын оператор, инженерүүдийн ур чадвар олон улсын түвшинтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ? Мөн тэдний гаргадаг нийтлэг алдаа, дутагдал нь юу байдаг бол?
Монгол инженер, техникийн ажилтнуудыг бусад орны мэргэжилтнүүдтэй шууд харьцуулж, "сайн" эсвэл "муу" гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ монгол хүний сэтгэхүйн маш том давуу тал байдаг нь олон ажлыг нэгэн зэрэг амжуулах (multi-tasking) чадвар юм. Нэг үйлдлээр хоёр, гурван ажлыг зэрэг зохицуулж, хурдан сэтгэж ажилладаг нь тэдний гол онцлог, давуу тал болдог. Салбарын мэргэжилтнүүдээ голох зүйл огт байхгүй, маш өндөр чадамжтай.
Гэхдээ үүнийг дагаад анзаарах шаардлагатай талууд ч бас ажиглагддаг. Хэтэрхий хурдтай ажиллах гэж яарснаасаа болоод техникийн зааварчилгаа, аюулгүй ажиллагааны дүрэм журам, зарим нэг чухал деталь, нарийн зүйлсийг орхигдуулах, мартах тохиолдол нийтлэг гардаг. Товчхондоо, хурдаа чанартай уялдуулж, аюулгүй ажиллагаа, техникийн нарийн горимыг ягштал баримтлах соёл л манайханд нийтлэг ажиглагддаг даа гэж хардаг.

-Энэ салбарт мөр зэрэгцэн ажиллаж буй залуу инженер, оператор, техникийн ажилтнууддаа хандаж, юун дээр илүү анхаараасай гэж зөвлөх вэ?
Манай залуусын дунд нэг нийтлэг ажиглагддаг зүйл нь бид хэтэрхий их хувийн дадал, хуучин туршлага дээрээ үндэслэж ажиллаад байдаг санагддаг. Тодруулбал, тоног төхөөрөмж болон техникт ямар нэгэн асуудал, эвдрэл гарахад "Тэндээс тийм дуу гарахаар л тэр эд анги нь эвдэрдэг дээ" гэсэн төсөөлөл, таамгаар асуудалд ханддаг. Энэ нь ихэнхдээ эвдрэл гэмтлийн суурь шалтгааныг ололгүйгээр түр зуур аргалах нөхцөл бий болдог гэсэн үг.
Миний зүгээс өгөх хамгийн гол зөвлөгөө бол техникийнхээ дотоод системийг бүрэн ухамсарлаж, онол практикийг тууштай хослуулах явдал юм. Аливаа гэмтлийг таамгаар хайх биш, тухайн техникийн схем зураг, зааварчилгааг уншиж, бодит оношилгооны зөв арга барилыг хэрэглэх, сурах хэрэгтэй. Ингэж чадвал тухайн системийн үндсэн доголдол, эвдрэлийг ул сууриар нь өөрчлөх дахиж эвдрэхгүй байлгах, эсвэл тогтмол хяналтандаа байлгах боломжтой болдог.
Монгол залуус дан ганц практик дадалдаа найдалгүйгээр онолын мэдлэгээ байнга зузаатгаж, системтэйгээр сэтгэж ажиллаж чаддаг нь дэлхийн аль ч улсад манлайлж чадах чадвартайг харуулж байдаг. Тиймээс сайн дадaл, туршлагыг тогтмол сурах хүсэл тэмүүлэлтэй байгаасай гэж хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа!