Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

УУРХАЙН "ЗҮРХ" БОЛСОН ТӨХӨӨРӨМЖҮҮДИЙГ ДОТООДДОО СЭРГЭЭН ЗАГВАРЛАЖ БАЙНА 

О.Дөлгөөн

Монголын эдийн засгийн хөгжлийн түүчээ, хөдөлгөх хүч, мега төслүүдийн бодит хэрэгжилт үнэн хэрэгтээ аварга тоног төхөөрөмжүүдийн миллиметрээр хэмжигдэх нарийвчлал, зогсолтгүй эргэх араа бүрийн тасралтгүй үйл ажиллагаанаас хамаардаг. Техник л болсон хойно элэгдэнэ, зогсоно. Харин уурхайн баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг дотооддоо угсрахын зэрэгцээ засаж сэлбэдэг хүнд үйлдвэрлэлийн гол зангилаа “FLS Mongolia Service Centre”-т энэ асуудлыг бүрэн шийдвэрлэдэг болоод байна. 

Дэлхийд инженерчлэлээр тэргүүлэгч “FLSmidth” групп Монголын зах зээлд хөл тавиад даруй 15 жил болжээ. Өдгөө тус сервис төвд талбайн нарийн мэргэшлийн 34 инженер ажилладаг бөгөөд компанийн хэмжээнд нийт 60 орчим ажилтантай. Тэдний гол давуу тал нь дэлхийн аль ч улсад байдаг “FLSmidth”-ийн олон улсын (Global) нэгдсэн загвар, хатуу стандартыг Монголын хөрсөнд ягштал мөрддөгт оршдог юм. 

Компанийн стратеги төлөвлөгөөний дагуу тэд өнгөрсөн 2025 оныг хүртэл зөвхөн үндсэн засвар үйлчилгээг хариуцаж байсан бол энэ оноос (2026 он) шинэчлэгдсэн Сервис төвөө бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулжээ. Ингэснээр монгол инженерүүдийн ур чадвар, дотооддоо үйлдвэрлэх техникийн чадамж үлэмж хэмжээгээр ахиж, зөвхөн засах биш, дотооддоо сэргээн загварчлах түвшинд хүрчээ. 

Өдгөө “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Монголын Алт” (МАК) ХХК, “Саусгоби Сэндс”, “Энержи Ресурс” зэрэг компаниуд тэднийг итгэмжит түншээрээ сонгон ажиллаж байна. Түүнчлэн, тэд хамгийн сүүлд “Макс Групп”-тэй стратегийн түншлэлийн гэрээ байгуулан, хамтын ажиллагааныхаа зураглалыг улам бүр тэлсээр байна. 

НЭГДҮГЭЭРТ "АЮУЛГҮЙ БАЙДАЛ", ХОЁРДУГААРТ "ЧАНАР"

Үйлдвэрлэлийн явцад секунд төдий анхаарал сулрах нь асар том эрсдэл дагуулдаг. Тиймдээ ч энд нэг л хатуу хууль үйлчилнэ. 

 “FLS Mongolia” компанийн ХАБЭА-н зөвлөх П.Хаданчулуун: 

"Манай үйл ажиллагаанд аюулгүй байдал бол нэгдүгээр үзүүлэлт. Бид аюулгүй ажиллагааны асуудлыг ямар ч нөхцөлд, хэзээд нэн тэргүүнд тавьдаг. Үүний дараагийн салшгүй хэсэг бол чанар юм. Бүх салбар, нэгж дээр чанарыг хариуцсан хэлтэс ажиллахаас гадна хамгийн багадаа нэг чанарын хяналтын инженер заавал байдаг. Сервис төвөөс гарч буй бүх бүтээгдэхүүн, засварласан эд ангиуд чанарын маш хатуу шалгуураар дамжиж байж захиалагчийн гарт очдог" хэмээн онцолсон юм. 

Үйлдвэрийн талбайд алхахад нүсэр том заалтай харьцуулахад ажиллаж буй хүмүүс нь цомхон мэт харагдана. Гэвч энэ нь дутуу дулимаг ажиллах хүчний илрэл биш, харин хүний нөөцийн ухаалаг, оновчтой бодлогынх нь үр дүн. Тус компани ажилчдынхаа мэргэжлийн чадамжийг тасралтгүй сайжруулах олон улсын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг байна. 

Үүний үр дүнд талбайн ажилчид хөрвөх чадвартай буюу олон талт ур чадвартай (Cross-functional) болон бэлтгэгддэг аж. 

Жишээ нь, тус төвийн нарийн мэргэжлийн гагнуурчин зөвхөн гагнуураа хийгээд зогсохгүй. Тэрээр шаардлагатай үед механик угсралт руу ханцуй шамлан орж, бусад инженерчлэлийн ажлуудыг ч гардан гүйцэтгэх өндөр чадамжтай. Нэг хүн хэд хэдэн хүний ажлыг түүртэлгүй орлож, хөрвөн ажиллаж чаддаг нь тус төвийн хамгийн том давуу тал, гол хөдөлгүүр нь болж байна. 

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙН "АР ТАЛ" 

“FLS Mongolia Service Centre” нь зөвхөн эвдэрсэн бэлэн эд ангийг засаад суудаг газар биш. Тэд уул уурхайн баяжуулах үйлдвэрийн мега төхөөрөмжүүдийг дотооддоо 100% бие даан үйлдвэрлэж, уурхайн талбайд нь очиж угсран хүлээлгэж өгдөг цогц (Turnkey) сервисийг үзүүлж байна. Сервис төвийн шинэ өргөтгөл ашиглалтад орсноор механик боловсруулалт, нарийн гагнуур, угсралт болон резин доторлогооны ажлын хүчин чадал нь үлэмж хэмжээгээр ахижээ. 

Монгол инженерүүдийн гараар бүтсэн бодит ажлуудаас дурдвал: 

Уурхайн баяжуулах үйлдвэрийн амин сүнс болсон Хаягдлын өтгөрүүлэгч болон Флокулянт бэлтгэх төхөөрөмжийг тэд дотооддоо 100% үйлдвэрлэж, Оюу толгой уурхайн талбайд тээвэрлэн хүргэж, амжилттай угсарчээ. 

Хөөсөн баяжуулалтын  “RCS 160” машины дамжуулах болон удирдлагын хэсгүүдийг мөн л энэ төвд дотооддоо үйлдвэрлэн нийлүүлж байна. 

Хамгийн хүнд, зүлгүүрт болон химийн идэвхжүүлэлттэй орчинд ажилладаг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Зэс-Молибдены баяжмалын хэсгийн танкуудын нийлмэл доторлогоо, угсралтыг тэд чанарын өндөр түвшинд гүйцэтгэжээ. 

Уурхайн талбарт аварга машинууд хэрхэн ажилладагийг холбох хамгийн нарийн инженерчлэлүүд энд л өрнөдөг. Өдгөө тус сервис төвд уул уурхайн ложистикийн ухаалаг систем болох “Туузан дамжуургын хөдөлгөөнт хуваарилагч, асгагч машин”-ы төслийг гардан гүйцэтгэж байна. Энэ нь үйлдвэрээс гарсан хүдрийг аварга овоолго руу тээвэрлэхдээ автомат механизмаар хэсэг тус бүрт яг тэнцвэртэй хуваарилж асгадаг, өндөр нарийвчлалтай ухаалаг төхөөрөмж юм. 

Үүнээс гадна уурхайн зогсолтгүй эргэх туузан дамжуургын гол ачааг үүрдэг дамарнуудад резинэн засвар, доторлогоог тогтмол хийж байна. Металл хийцийг резинээр бүрж, элэгдлээс хамгаалахдаа тэд дараах хоёр гол процессыг ашигладаг: 

  1. Хүйтэн наалт: Түүхий резинэн материалаар металын гадаргууг гар аргаар нарийн хучих технологи. 

  2. Халуун вулканизаци: Тусгай автоклав буюу өндөр даралтат зууханд, халуун температурын дор резинийг чанаж, металлтай нь хуулархааргүй бүрэн барьцалдуулах дэвшилтэт арга. 

Резиний наалт, бүрэлтийг төгс чанартай болгохын тулд металын гадаргууг эхлээд Sandblast буюу элсэн өнгөлгөөний хэсэгт оруулж, зэв болон бохирдлыг нь микроскопын түвшинд цэвэрлэнэ. Түүний дараа мэргэжлийн будгийн тусгай хэсгүүдэд боловсруулдаг байна. 

Засварын төвийн технологийн чадамж, давуу талыг тодорхойлдог гол үзүүлэлт бол машин механизмын даац юм. Одоогоор тус төв дээр уурхайн хэдэн арван тонны жинтэй хүнд эд ангиудыг чөлөөтэй зөөвөрлөх, өргөх хүчин чадалтай 20 тонны гүүрэн кран зогсолтгүй ажиллаж байна. 

Олон улсын ISO стандартуудыг нэвтрүүллээ 

“FLS Мongolia”-ийн үйлдвэрлэлийн соёл, аюулгүй ажиллагаа болон байгаль орчны өмнө хүлээх хариуцлага нь зөвхөн цаасан дээр биш, олон улсын удирдлагын тогтолцооны хатуу стандартуудаар баталгааждаг. 

Тэд чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг 2021 оноос хойш мөрдөж байгаагаас гадна ХАБЭА-н ISO 45001:2018, Байгаль орчны ISO 14001:2015 зэрэг дэлхийн хүнд үйлдвэрлэлийн салбарын гол шалгууруудыг үйл ажиллагааныхаа секунд тутамд хэрэгжүүлж байна. 

"Манай инженерүүд, манай засварын төв олон улсын зах зээлд ч тэнцэхүйц чадамжтай гэдгийг дэлхийн түвшинд нотлох нь чухал. Үүний тулд бид хөндлөнгийн олон улсын аудитыг тогтмол хүлээж авдаг. Хамгийн сүүлд өнгөрсөн 2025 онд дэлхийн хамгийн нэр хүндтэй баталгаажуулалтын байгууллага болох 'Bureau Veritas'-ийн аудитад орж, олон улсын стандартыг бүрэн хангаж байгаагаа амжилттай нотолсон" хэмээн компанийн ХАБЭА-н зөвлөх П.Хаданчулуун онцлов. 

Үйлдвэрийн заал доторх агаарын чанарыг эрүүл байлгах үүднээс тоосжилт болон химийн хортой утааг сорж, цэвэршүүлэх хос шүүлтүүрийн системийг суурилуулжээ. Ингэснээр инженерүүд хүнд үйлдвэрийн талбайд ч яг л цэвэр агаарт байгаа мэт аюулгүй, эрүүл орчинд ажиллах нөхцөл бүрдсэн байна. 

Компани нь ажилчдаа эрүүл мэндийн болон гэнэтийн ослын иж бүрэн корпорацын багц даатгалд бүрэн хамруулдаг. Үүнээс гадна, үйлдвэрлэлийн талбарт болон аяллын явцад гэнэтийн онцгой байдал, эрүүл мэндийн эрсдэл үүссэн үед цаг алдалгүй шуурхай тусламж үзүүлэх зорилгоор "Интермед" эмнэлэгтэй тусгай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэснээр ажилтнууд санхүүгийн болон процессын ямар нэгэн сааталгүйгээр, олон улсын түвшний яаралтай тусламжийг шууд авах боломж бүрджээ. 

Өнөөдөр “FLS Mongolia Service Centre” нь гадаад руу урсах ложистикийн асар их зардал болон цаг хугацааг дотооддоо хэмнэж, Монголын уул уурхайн инженерчлэлийг дэлхийн түвшинд авчирч буй хүнд үйлдвэрлэлийн салшгүй нэгэн тулгуур багана болон хөгжсөөр байна.