Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

ОЛОН УЛСЫН УУРХАЙЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД “БИДНИЙ МЭРГЭЖИЛ, МАНЛАЙЛАЛ, ИРЭЭДҮЙ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг угтан жендерийн эрх тэгш байдлын тухай хууль болон салбарын жендерийн бодлогын хэрэгжилтийг дэмжих сарын аяны хүрээнд “Бидний мэргэжил, Манлайлал, Ирээдүй” арга хэмжээг 6 дугаар сарын 16-нд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо (ЭБЭХ), Тогтвортой хөгжил нийгмийн зөвлөл (ТНЗ), Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон бусад холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлэв.

Арга хэмжээний нээлтэд УИХ-ын гишүүн Б.Уянга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Хана Бекер нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ. Үүний дараа Жендерийн салбар зөвлөлийн гишүүн, жендерийн үндэсний шинжээч О.Туяа “Эрдэс баялгийн салбарт жендерийн эрх тэгш байдлыг бэхжүүлж, хэрэгжүүлэхэд төсөл хөтөлбөрийн үүрэг” сэдвээр үндсэн илтгэлээ танилцуулав.

Арга хэмжээний үеэр уул уурхай, эрдэс баялгийн салбарт охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, манлайлал болон карьерын хөгжлийг дэмжих асуудлаар санал солилцож, хэрэгжүүлж буй сайн туршлага, бодлогын шийдлүүдийг танилцууллаа. 

Мөн охидын STEM чиглэлийн боловсрол, мэргэжлийн сонголтыг дэмжих, боловсролын байгууллага болон ажил олгогчдын уялдаа холбоог сайжруулах, ажлын байрыг илүү хүртээмжтэй, аюулгүй орчин болгох, жендерийн мэдрэмжтэй өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах, мөн салбарын хэмжээнд сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байгааг оролцогчид онцлон тэмдэглэлээ.  

Хэлэлцүүлэгт оролцогчид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн жендерийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор хязгаарлагдахгүй, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой болохыг онцолсон юм.

Эх сурвалж: АҮЭБЯ