Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

2025 ОНЫ ТОП-100 ААН: “Оюу толгой”-н ашгийн үсрэлт анхаарал татав

Засгийн газар болон МҮХАҮТ-аас уламжлал ёсоор хамтран тодруулдаг "Монгол Улсын 2025 оны ТОП-100 аж ахуйн нэгж"-ийн жагсаалт зарлагдлаа. Энэ жилийн шалгаруулалтаар уул уурхайн салбарынхан борлуулалт, татвар, ашиг, хөрөнгө гээд эдийн засгийн бүхий л голлох үзүүлэлтүүдийг хол тэргүүлж, улсын эдийн засгийг нуруундаа үүрч байгаагаа дахин батлав. Жагсаалтын тэргүүн эгнээг харвал "Оюу Толгой" ХХК дөрөв дэх жилдээ дараалан нэгдүгээр байрт эрэмбэлэгдсэн бол түүний араас "Монголын Алт" (МАК) ХХК хоёрдугаар байрт, Энержи Ресурс ХХК  дөрөвдүгээр байрт хурдалж, салбарынхаа жинг илтгэн манлайлж байна. 

Цаашлаад эхний 30 байрын дотор уул уурхай, түүнийг дагасан гэрээт компаниуд жагсав. Тухайлбал, "Хан Алтай Ресурс" 13-рт, "Саутгоби Ресурс" 17-рт, "Хүрэн Толгой Коал Майнинг" 20-рт, "МАК Евро Цемент" 26-рт, "Ти Ти Жи Ви Си Өү" 29-р байрт тус тус эрэмбэлэгджээ.

Жагсаалтад багтсан нийт компаниудын борлуулалтын орлого 65.7 их наяд төгрөгт, улсад төвлөрүүлсэн татварын хэмжээ 8.04 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд үүний дийлэнх хувийг нь зөвхөн уул уурхай, түүнийг дагасан ханган нийлүүлэлтийн сүлжээ дангаараа бүрдүүлсэн байна.

Оюу толгой ашгийн хэмжээгээр анх удаа жагсаалтыг тэргүүлэв 

Энэ жилийн жагсаалтад нэгэн содон факт нуугдаж буйг онцлох ёстой. Тэрхүү сонирхолтой үзүүлэлт нь жагсаалтыг тэргүүлэгч "Оюу Толгой" ХХК-тай холбоотой. Тус компани өмнөх гурван жил (2022-2024 он) дараалан ТОП-100-ийн жагсаалтыг тэргүүлэхдээ цэвэр ашгийн үзүүлэлтээрээ дандаа жагсаалтын хамгийн сүүл буюу 100 дугаар байрт эрэмбэлэгдэж ирсэн түүхтэй. Тэгвэл 2025 онд  гүний уурхайн бүтээн байгуулалт жигдэрснээр тус компани борлуулалтаас гадна ашгийн хэмжээгээрээ анх удаа гэнэт нэгдүгээр байрт цойлж орж ирэв.

Чансаагаа ахиулсан компаниуд ба ханган нийлүүлэгчдийн өсөлт

Уул уурхайн салбарынхан дунд энэ жилийн жагсаалтын хамгийн чансаатай үсрэлтийг "Хан Алтай Ресурс" ХХК үзүүллээ. Макс группийн охин компани болох, Говь-Алтай аймгийн нутагт алтны үндсэн ордын олборлолт, баяжуулалтын цогцолбор төсөл хэрэгжүүлж буй тус компани өмнөх оноосоо +17 байраар урагшилж, ТОП-100-ийн 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.

Мөн гүний уурхайн бүтээн байгуулалт, уулын ажлын "Редпат" компани жагсаалтын 28-р байрт эрэмбэлэгдсэн бол, хүнд механизмын нийлүүлэлт, засвар үйлчилгээний "Трансвест Монголиа" компани 31-р байрт жагсжээ. Түүнчлэн, өрөмдлөг, уурхайн тоног төхөөрөмжийн чиглэлээр алдартай "Эпирок" компани 85-рт, хайгуул болон ашиглалтын өрөмдлөгийн "Мэйжор Дриллинг" компани 95-р байрт тус тус орсон байна.

Гэвч макро тоон үзүүлэлтүүдээс харахад нэгэн шинэ дүр зураг ажиглагдаж байна. 2025 оны байдлаар ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлого 19.7%-иар, төвлөрүүлсэн татвар нь 5.2%-иар тус тус өссөн хэдий ч ажиллагсдын тоо өмнөх оноос 2.8 мянган хүнээр буурчээ. Үүний улмаас нийт хөдөлмөр эрхлэлтэд ТОП компаниудын эзлэх жин 6.5%-иас 6.1% болж буурсан байна.

Эдийн засаг, борлуулалт тэлж байхад ажлын байр цөөрсөн нь уул уурхайн салбар болон түүнийг дагасан гэрээт компаниуд технологийн автоматжуулалт, өндөр бүтээмжтэй хүнд механизм, дижитал шийдлүүдийг үйл ажиллагаандаа илүүтэй нэвтрүүлж эхэлсэнтэй шууд холбоотой байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, олон хүнээр биш, өндөр технологи, бүтээмжээр ажлыг нугалах хандлага хүчтэй ажиглагдаж байна.

Уул уурхайн компаниудын борлуулалт өсөж, ДНБ-д эзлэх ТОП-100-ийн жин 73%-д хүрсэн нь салбарын үр ашгийг илтгэж байна. Гэвч хөдөлмөр эрхлэлтийн жин бага зэрэг буурсан нь цаашид салбарын мэргэжилтнүүдээс өндөр технологи, автоматжуулсан техник төхөөрөмжийг удирдах нарийн мэргэжлийн ур чадварыг шаардаж эхэлснийг сануулж буй хэрэг.

Эдийн засгийг солонгоруулах тухай олон жил ярьж буй ч өнөөдрийн бодит дүр зурагт уул уурхайн салбар Монгол Улсын хөгжлийг чирэх гол зүтгүүр хэвээр байна. Төр, засгийн зүгээс уул уурхайн лиценз эзэмшигчдийг шахахаас илүүтэй, тэдний ард буй үндэсний болон олон улсын ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчдийн эрүүл экосистемийг бодлогоор дэмжих нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах хамгийн зөв гарц болохыг энэ жилийн ТОП-100 жагсаалт бэлхнээ санууллаа.