
О.Дөлгөөн
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх баасан гарагт Ормузын хоолойг эргэн нээж магадгүй гэж мэдэгдсэний дараа алтны ханш өсөлтөө хадгалж үлдэв.
АНУ болон Иран улсууд бүс нутаг дахь дайныг зогсоох, далайн бүслэлтээ цуцлах түр хэлэлцээрт хүрснээ зарласны дараа өмнөх арилжаагаар алтны ханш 2.2%-иар өсөөд байсан бөгөөд одоогоор унц нь 4,320 ам.долларын орчимд байна.
Газрын тосны үнэ бууралттай хэвээр байгаа бөгөөд Даваа гарагт бараг 5%-иар унасан West Texas Intermediate (WTI) маркийн тос баррель нь 81 ам.доллар, Брент маркийн тосны ханш 83 ам.долларын орчимд арилжаалагдаж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израиль улсууд Иранд цохилт өгч эхэлснээс хойш алтны ханш даруй 18% орчмоор унаад байгаа юм. Дайны үеэр алтны ханш түүхий тосны үнийн эсрэг чиглэлд хөдөлж байв. Учир нь эрчим хүчний үнэ өссөн нь инфляцыг хөөргөж, улмаар төв банкуудыг бодлогын хүүгээ урт хугацаанд өндөр байлгахад хүргэсэн.
МКS PAMP SA компанийн Судалгаа болон металлын стратегийн хэлтсийн дарга Ники Шилс хэлэхдээ: "Ойрх Дорнодын өмнөх мөргөлдөөнүүдтэй харьцуулахад алт, мөнгө хоёулаа бодит үнээсээ доогуур үнэлэгдсэн хэвээр байна" гэв. Хэрэв энэхүү энхийн хэлэлцээр амжилттай хэрэгжвэл арилжаачид борлуулалтаа зогсоож, алтыг дахин эрсдэлээс хамгаалах хэрэгсэл болон ам.доллар зэрэг АНУ-ын хөрөнгүүдийг орлох хувилбар гэж үзэх хандлага руугаа эргэн орно гэж тэрээр нэмж хэллээ.
Үнэт металлын арилжаачид энэ долоо хоногт гарах төв банкуудын цуврал шийдвэрүүдийг хүлээж байна. Тухайлбал, Холбооны Нөөцийн Сан (ФЕД) шинэ дарга Кевин Уоршийн удирдлага дор анх удаа хуралдах гэж байна.