
О.Дөлгөөн
АНУ-аас зэсийн импортод тогтоох тарифыг өргөжүүлэх эсэх шийдвэр ойртож буй энэ үед зэсийн үнийн өсөлтийн эрч саарлаа. Үүний зэрэгцээ АНУ-Ираны хэлэлцээр урагшилсан нь үнийн савлагаанд нөлөөлж байна.
Мягмар гарагт (2026.06.09) зэсийн фьючерс үнэ эхэндээ 1.1%-иар өсөж, нэг фунт нь 6.42 ам.долларт хүрсэн боловч удалгүй буурч, 6.36 ам.долларын орчимд хэлбэлзэв. Энэ нь өнгөрсөн тавдугаар сарын 13-ны өдөр тогтоож байсан түүхэн дээд амжилт болох 6.71 ам.доллароос ердөө 4%-иар доогуур үзүүлэлт юм.
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ам долларын ханш болон АНУ-ын Төрийн сангийн бондын өгөөж өссөн нь үнэ бага зэрэг буурахад хүргэсэн байна.
АНУ-ын Худалдааны яам ирэх 6 дугаар сарын 30-ны дотор Цагаан ордонд зэсийн импортын тарифын талаарх шинэ удирдамжийг танилцуулна. Өмнө нь 2027 оноос эхлэн цэвэршүүлсэн зэсэнд 15%-ийн тариф тогтоох зөвлөмж гарч байсан бөгөөд Morgan Stanley-ийн шинжээчид уг тариф хэрэгжих магадлалыг 43% гэж үнэлж байна.Хиймэл оюун ухааны (AI) технологийн хөгжлөөс шалтгаалан зэсийн хэрэглээ өндөр байгаа ч уул уурхайн салбарын зарим ослын улмаас нийлүүлэлт дутагдалтай хэвээр байгаа нь үнийг урт хугацаанд дэмжиж байна.
Уул уурхайн томоохон компаниудын хувьцаанууд тавдугаар сарын өсөлтийн дараа эргэн ухарч, хөрөнгө оруулагчдад ашигтай худалдан авах бүсэд (buy point) эргэж ирлээ. Тухайлбал, BHP, Rio Tinto, Anglo American компаниудын хувьцаа өглөөний арилжаагаар өсөлттэй байсан ч арилжааны явцад өсөлтийн хувь нь буурч, зарим нь бүр хасах утга руу шилжсэн байна. Түүнчлэн Teck Resources (TECK) компанийн хувьцаа 1.1%-иар өссөн боловч эргээд бууж, 62.41 ам.долларын худалдан авах цэгийн орчимд арилжаалагдлаа.
Уул уурхайн ослын дараах сэргэлт удаашралтай байгаагаас шалтгаалан борлуулалтын төлөвөө бууруулаад байсан Freeport-McMoRan (FCX) компани эхэндээ 3.4%-иар өссөн ч эргэн ухарч, 50 хоногийн хөдөлгөөнт дундаж түвшиндээ ирсэн байна. Мөн зэсийн сангийн CPER ETF-ийн хувьд анх 1.6%-иар өсөж, худалдан авах бүсээ давсан ч арилжааны явцад өсөлт нь 1%-иас доош орж суларлаа.
Одоогоор хөрөнгө оруулагчид АНУ-ын Худалдааны яамнаас гаргах албан ёсны шийдвэрийг анхааралтай ажиглаж байгаа ба уг шийдвэрээс шалтгаалж зэсийн үнэ цаашид өсөх үү, эсвэл одоогийн түвшиндээ тогтворжих уу гэдэг нь тодорхой болох юм.
Эх сурвалж: Investor's Business Daily