Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Макс Групп": Баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг 90% бууруулна

О.Дөлгөөн

Үндэсний тэргүүлэгч бүтээн байгуулагч “Макс Групп” үүсэн байгуулагдсан 30 гаруй жилийн хугацаандаа Монгол Улсын эдийн засаг, дэд бүтцийн салбарт олон томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэн, амжилттай гүйцэтгэсэн билээ. Өдгөө 6500 гаруй чадварлаг ажиллах хүчнийг нэгтгэж, бизнесийн салбарт мега төслүүдийг цогцлоосон тус компани ээлжит нэгэн стратегийн ач холбогдол бүхий төслийнхөө шавыг энэ оны 06 дугаар сарын 5-ны өдөр тавилаа.  

Энэ бол Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт сүндэрлэх 300 МВт-ын хүчин чадалтай жилд 2,160.0 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төсөл юм. 

ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН ХҮРЭН ГОЛЫН ОРД ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРНО  

Уул уурхайн салбарт олон жилийн турш яригдсан ч өнөөдрийг хүртэл эдийн засгийн эргэлтэд орж чадалгүй хүлээгдсэн Хүрэн голын нүүрсний орд нь 340 орчим сая тонны коксжих болон хагас коксжих нүүрсний нөөцтэй. Үнслэг ихтэй учраас шууд тээвэрлэж экспортлоход хүндрэлтэй байсан энэхүү байгалийн баялгийг “Макс Групп” газар дээр нь эрчим хүч болгон хувиргаж, нэмүү өртөг шингээх ухаалаг шийдлийг гаргажээ.  

Төслийн судалгаа 2019 оноос эхэлсэн бөгөөд анх 100 МВт-аар төлөвлөгдөж байсан ТЭЗҮ-ийг 2025 онд шинэчлэн, баруун бүсийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг харгалзан 300 МВт болгон батлуулснаар ийнхүү ажил нь албан ёсоор эхэлж байна. Төлөвлөгөөний дагуу станцын эхний блокыг 2028 оны зун ашиглалтад оруулахаар тус группийн хамт олон ажиллаж байна.  

Өнөөдөр Говь-Алтай аймгийн эрчим хүч алс зайдуу орших Булганы дэд станцаас стандарт бус агаарын шугамаар дамжин ирдэг. Үүнээс үүдэж улсын төсвөөс хэрэглэгчдэд хүрч буй цахилгааны 1 кВт тутмын өртөг 3 дахин өндөр тусдаг бөгөөд тог цахилгааны байнгын саатал, хомсдол нь орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулсаар ирсэн. Шинэ станц ашиглалтад орсноор Алтай-Улиастайн эрчим хүчний системд үүсээд байгаа 150-180 МВт-ын дутагдлыг үндсэн эх үүсвэрээр бүрэн хангах боломжтой юм. 

Үүнээс гадна Увс, Баян- Өлгий, Ховд зэрэг Баруун бүсийн аймгуудын эрчим хүчний импортын 90 орчим хувийн хамаарлыг бууруулах, гадагшлах валютын урсгалыг дотооддоо үлдээхэд техникийн бодит дэмжлэг, импорт орлох суурь нөхцөлүүдийг бүрдүүлж чадах юм. 

Төслийн бүтээн байгуулалтын явцад 1600 гаруй түр ажлын байр бий болох бол станц бүрэн ашиглалтад орсноор 500 гаруй тогтмол ажлын байр бий болно. Ингэснээр иргэд орон нутагтаа тав тухтай ажиллаж амьдрах суурь боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн, төслийн хамгийн том үр нөлөө нь зөвхөн станцаар хязгаарлагдахгүй бөгөөд цахилгаан дамжуулах шугамын дагуух сум, суурингуудад жижиг, дунд үйлдвэрлэл сэргэж, бизнесийн шинэлэг боломжууд нээгдэхэд оршиж байна.  

НОГООН ИРЭЭДҮЙГ ТҮҮЧЭЭЛЭГЧ МАКС ГРУПП  

Тус групп зөвхөн цахилгаан станцаар хязгаарлагдахгүй, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг давхар хөгжүүлж байна. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд батарей хуримтлууртай хосолсон, 5 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  

Байгалийн баялгийг эрчим хүч болгон хувиргаж, баруун бүсийн хөгжлийг түүчээлэх “Макс Групп”-ийн энэхүү бүтээн байгуулалт Монгол Улсын стратегийн чухал хэрэгцээ, шаардлага болсон эрчим хүчний салбарын тулгамдаж буй асуудлуудын түүхэн шийдэл болж, алтан үсгээр бичигдэх алхам болж байна.