Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Asian Battery Metals нэрээ өөрчилж, Azzuro Resources PLC боллоо

О.Дөлгөөн

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Asian Battery Metals PLC" (ASX: AZ9) компани нэрээ албан ёсоор "Azzuro Resources PLC" болгон өөрчилснөө зарлалаа. Компанийн нэрийг шинэчлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр хуралдсан Хувьцаа эзэмшигчдийн жилийн хурлаар баталж, Англи, Уэльсийн Компаниудын бүртгэлийн газарт албан ёсоор бүртгүүлсэн байна. Нэр өөрчлөгдсөн ч компанийн бирж дээрх "AZ9" код хэвээр үлджээ.

Энэхүү шинэчлэл (rebranding) нь компанийн үйл ажиллагааны бодит чиглэлийг корпорацын дүр төрхтэй нийцүүлэх зорилготой гүн гүнзгий өөрчлөлт юм. Тус компанийн Монгол улс дахь хайгуулын үндсэн чиглэл нь өнгөт болон үнэт металл, тэр дундаа зэсийн төслүүд бөгөөд энэ нь өмнөх "батарейн металл" гэх ангилалд бүрэн багтдаггүй байсантай холбоотой аж.

Шинэ нэр болох "Azzuro" нь итали болон роман бүлгийн хэлээр газрын гадаргуу дээр ил гарсан исэлдсэн зэсийн цэнхэр туяаг бэлгэддэг байна. Компани шинэ нэрийнхээ хүрээнд цахим хуудас болон имэйл домэйноо сольсон бөгөөд хуучин хаягууд шилжилтийн хугацаанд идэвхтэй ажиллах юм байна.

Компани нэрээ өөрчлөхийн зэрэгцээ хөрөнгө оруулагчидтай харилцах шинэ цахим платформыг "Relait" компанитай хамтран ажиллуулж эхэллээ. Энэхүү платформоор дамжуулан биржийн албан ёсны мэдэгдэл, санхүүгийн болон жилийн тайлангууд, төслийн танилцуулга видеог нэг дороос үзэх боломжтой төдийгүй хөрөнгө оруулагчид удирдлагын багтай шууд харилцаж, өөрсдийн эзэмшлийн мэдээллийг аюулгүйгээр хянах нөхцөл бүрджээ.

Компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир энэхүү шинэчлэлийн талаар хэлэхдээ, шинэ нэр болон цахим хуудас нь компанийн хэн болох, хаашаа зорьж буйг илүү сайн илэрхийлж байгааг онцоллоо. Тэрээр "Azzuro" хэмээх нэр нь исэлдсэн зэсийн өнгө төрхийг илтгэхийн зэрэгцээ тэдний ирээдүйн стратеги Монгол улс дахь өнгөт болон үнэт металлд суурилсан гэдгийг хөрөнгө оруулагчдад илүү тодорхой харуулж буйг дурдсан байна. Компанийн зах зээлийн үнэлгээ одоогоор 10.9 сая ам.долларт үнэлэгдэж байгаа бөгөөд нийт 820 гаруй сая ширхэг хувьцаа эргэлтэд байна.