Т.Бямбанаран
“Монголын Алт” (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулж буйтай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрээр яриандаа, "Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 2,000 орчим ажилчид бий. Цаашид энд бүтээн байгуулалтын ажил эрчимжсэнээр ажилчдын тоо ч дагаад өснө. Тиймээс ажилчдынхаа амьдрах орчныг сайжруулах, нийгмийн асуудлыг нь шийдэх зорилгоор суурьшлын бүс байгуулах төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн. Анхны бүтээн байгуулалтын шавыг 6 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд тавилаа. Гурван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд нийтдээ 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж тооцоолж байгаа.
Гурвантэс суманд хэрэгжих шинэ суурьшлын бүс нь 1,500 айлын орон сууцны хотхон, цэцэрлэг, спортын төв, нэгдсэн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишиг суурьшлын бүс болно.
Тус суманд хэд хэдэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, энэ бүс нутгаас Монгол Улсын БНХАУ руу экспортолж буй нүүрсний 40%-ийг олборлож байна.
Мөн МАК групп 50 МВт-ийн нарны цахилгаан станцын бүтээн байгуулалт хийж байгаа. Энэ нь 145 МВт/ цагийн хуримтлууртай. Энэ жил 30 МВт-ийн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн нүүрс баяжуулах томоохон үйлдвэрүүд, нисэх онгоцны буудал барьж байгуулна. Үүнээс гадна, Монгол Улсад тэсрэх бодисын үйлдвэр дутагдалтай байдаг учраас уурхайгаа түшиглэн тэсрэх бодисын үйлдвэр барихаар шийдсэн. Энэ мэтчилэн дэд бүтцийн ажлууд эрчимжихийн хэрээр ажилчдын тоо ч нэмэгдэнэ.
Тиймээс цаашид МАК группийн үйл ажиллагаа явуулдаг сумдад суурьшлын бүс байгуулна. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд хот, Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Төв аймгийн Зуунмод хотод тус тус суурьшлын бүс байгуулахаар төлөвлөж байгаа" гэдгийг онцоллоо.
Тус компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир яриандаа, “МАК групп нийгмийн хариуцлагын хүрээнд Гурвантэс суманд нийтдээ 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тодруулбал, 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд залуучуудын төв барьж байгуулсан. Үүнээс гадна Гурвантэс сум руу эрчим хүчний шугам сүлжээ татаж, БНХАУ-аас эрчим хүч импортолж байна. Гэхдээ тус улсаас импортлоход илүү өндөр үнэтэй байдаг тул 3.6 тэрбум төгрөгийн эрчим хүчний тарифын зөрүү төлсөн.
Ийнхүү Гурвантэс, Сэврэй, Ноён гэх гурван сумыг эрчим хүчээр хангаад байна.
Иймээс бид эрчим хүчийг гаднаас импортлохын оронд өөрсдөө эрчим хүчээ үйлдвэрлэхэд анхаарч байна” гэсэн юм.