Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ЛИТИЙН ҮНЭ ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА ДАХИН СЭРГЭЛЭЭ

Т.Бямбанаран

Литийн зах зээл гурван жилийн турш үргэлжилсэн уналтын дараа дахин сэргэж эхэллээ. Батарейн гол түүхий эд болох литийн үнэ 2024 болон 2025 оны ихэнх хугацаанд түүхэн доод түвшинд хэлбэлзэж байсан юм.

Чикагогийн таваарын биржийн (CME) литийн гидроксидын фьючерсийн үнэ оны эхнээс хойш даруй 86%-иар өсөж, 2023 оны сүүл үеэс хойш анх удаа тонн тутамдаа 20 мянган ам.доллароос давсан дүнгээр арилжаалагдаж байна.

Литий нь үйлдвэрийн тосолгооны материалын зориулалтаар ашиглагддаг байснаа цахилгаан автомашины батарейн үндсэн түүхий эд болсон үеэс эхлэн үнэ нь огцом хэлбэлзэж ирсэн түүхтэй.

Гэвч энэ удаагийн өсөлт өмнөх мөчлөгүүдийнх шиг тийм ч огцом, хүчтэй байхгүй байж магадгүй. 

Зах зээлийн суурь эрэлт өссөөр байгаа ч энэ оны эхний улиралд дэлхийн цахилгаан автомашины борлуулалт хүлээлтээс доогуур гарсан нь 2026 оны төлөвийн талаарх өөдрөг төсөөллийг тодорхой хэмжээнд сааруулжээ.

Нөгөө талаас, литийн үнэ өсөхийн хэрээр өнгөрсөн хугацаанд зогсоогоод байсан төслүүдийг дахин эхлүүлэх нөхцөл бүрдэж, нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй байна.

Гэхдээ зах зээлийн цаашдын чиг хандлага Хятадын нэгэн уурхайн үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалах болно гэдгийг судлаачид хэлж байна.

Литийн үнэ сэргэх гол хөшүүрэг нь наймдугаар сард бий болжээ. Тухайн үед Хятадын батарей үйлдвэрлэгч аварга компани болох “Contemporary Amperex Technology” (CATL) нь Жянши муж дахь Жяньсяво уурхайнхаа олборлолтыг уул уурхайн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссантай холбогдуулан түр зогсоосноо мэдэгдсэн.

Энэ мэдээний дараа Гуанжөүгийн фьючерсийн бирж дээр худалдан авалт эрчимжиж, литийн зах зээлд шинэ давлагаа үүсгэсэн байна.

Дэлхийн литийн зах зээл хурдацтай тэлж байгаа ч нийт хэмжээ нь одоогоор 2 сая тонноос төдийлөн ахихгүй хэвээр байна.

Эх сурвалж: mining.com